
Монгол Улсын төсвийг харвал 2022 оны байдлаар 17.1 их наяд төгрөг төвлөрүүлж, 18.2 их наяд төгрөгийн зарлага гаргажээ. Өөрөөр хэлбэл 20 орчим их наяд төгрөг гэдэг нь “Гадаадын томоохон групп компанийн цалингийн зардалтай тэнцэнэ. Жишээлбэл: “Rio Tinto” компанийн засвар үйлчилгээ гэдэг ангиллын зардалтай адилхан.
Гаднын компанийн хувьд бага байж болох ч нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 1.2 сая монголчууд болон татвар төлдөг компаниудын хувьд хамаатай тоо гэдэг утгаараа төсвийн орлогыг хэр бодитой тооцоолдгийг анхаарах нь зүй. Хожим нь хүүтэй төлөх өрийн хэмжээ нэмэгдэхэд төсвийн алдагдал нөлөөлж байгаа юм. Тэгвэл төсвийн орлогын хэт өөдрөг төсөөлөл нь алдагдалд хөтөлж буйг тоо баримтууд харуулж байна.
Эх сурвалж: http://iltod.mof.gov.mn/
2022 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан ч төсвийн орлого төсөөлснөөс давсны ачаар төсвийн алдагдал буурч, оны эцэст 979 тэрбум төгрөг болсон байна. Мөн төсвийг батлахдаа макро эдийн засгийн суурь үзүүлэлт болох инфляц, эдийн засгийн өсөлтийг Монголбанк, Дэлхийн банк, Сангийн яам ойролцоо түвшинд таамагласан.
Харин инфляцыг 6-7 орчим хувьтай байхаар төсөөлсөн ч бодит амьдрал дээр үүнээс хоёр дахин өндөр түвшинд хүрсэн юм.
Цар тахал эхэлсэн 2020 онд БНХАУ хилээ хааснаас шалтгаалж төсвийн орлого тасарч, оны эцэст төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөг хүрсэн нь өндөр үзүүлэлтүүдийн нэг болсон юм.
ИХ САНАСАН ГАЗАР...
2023 онд уул уурхайн салбар сэргэж, дотоодын нийт бүтээгдэхүүн I улиралд 7.9 хувиар өсөөд байгаагийн дээр төсөв тодотгож, зардлаа нэмэхээр яригдаж байгаа энэ үед түүхий эдийн зах зээлийн төлөв тааруу, ялангуяа нүүрсний хувьд нөхцөл байдал эгзэгтэй байгааг эдийн засагч сануулж байна.
Үүнээс гадна Монгол Улс өрийн эрсдэлд ороход маш ойрхон буйг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс хэлж байгаа юм. Тэрбээр төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар судалгаа хийсэн бөгөөд “Сүүлийн 10 жилд төсвийн сахилга баттай байсан бол Засгийн газар 7.6 орчим их наяд төгрөг хадгалах боломжтой байлаа. Энэ бол алдагдсан боломж. Мөн 2020, 2021 онд төсвөөс гадуур зарцуулсан 2.15 их наяд төгрөгийг хадгалсан бол 9.9 их наяд төгрөгийн хадгаламжтай байх боломжтой байсан” хэмээн дүгнэжээ.