
Газрын тосноос бүрэн хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэх стратегийнхаа хүрээнд Саудын Араб улс Үндэсний баялгийн сан болох Олон нийтийн хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулан 184 тэрбум ам.доллароор үнэлэгддэг дэлхийн видео тоглоомын зах зээлийн томоохон тоглогч болохын тулд 38 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ.
Тус сангийн охин компани "Savvy Gaming Group" хүндрэлтэй тулгараад байгаа “eSport”-ийн салбарт анхандаа төвлөрч байсан бол өдгөө “А” зэрэглэлийн видео тоглоом хөгжүүлж, гаргаж, худалдаж авахын зэрэгцээ Рияд хотын тоглоомын зах зээлд дэмжлэг үзүүлэхэд анхаарах болсон байна. "Бид одоо видео тоглоомын компани гэхээсээ илүү “eSport”-ийн компани хэвээр байгаа. Энэ онд бид видео тоглоомын үйлдвэрлэл, хөгжүүлэлтэд харин илүүтэй анхаарч байна" хэмээн “Savvy Gaming Group”-ийн Гүйцэтгэх захирал Брайан Уорд өгүүлжээ.
Зах зээлийн багтаамж нь хэтэрч, "Electronic Arts" тэргүүтэй томоохон компаниуд нь ажиллах хүчний цомхотгол хийх нөхцөл байдалд хүрээд буй энэ үед “Savvy Gaming Group”-ийн төлөвлөгөө нь багагүй амбицтайд тооцогдож байна. Хэдий тийм боловч Саудын Арабын Баялгийн сан "Nintendo", "Tencent Holdings, "Activision Blizzard" зэрэг видео тоглоомын компаниудад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа тул Брайан Уорд эдгээр харилцаа холбоог хөшүүрэг болгож “Savvy Gaming Group”-ийн бизнесийг босгохыг зорьж байгаа аж. Хоёрдугаар сард тус сан "Nintendo"-д эзэмшдэг хувьцаагаа нэмэгдүүлж, 8.3 хувьд хүргэснээр гадаадын хамгийн том хөрөнгө оруулагч нь болжээ.
Саудын Араб улсын хувьд дэлхий нийтийн видео тоглоомын хөгжүүлэлтийн салбарт бараг оролцоогүй шахуу юм. Гэхдээ тус улсад видео тоглоомын хорхойтнууд буюу “Gamer”-үүдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь хуучин "Electronic Arts","Activision"-д захирал хийж байсан Брайан Уорд Рияд хотыг зорьж, “Savvy Gaming Group”-ийг удирдахад нь түлхэц болжээ. Тус улсад “Gamer”-үүдийн тоо ойролцоогоор 21 сая байгаа нь нийт хүн амын 58 хувийг эзлэх болохыг "Niko Partners"-ийн шинжээчид тооцоолсон байна.
Харин 2026 он гэхэд Ойрх Дорнод, Хойд Африкийн бүсийн видео тоглоомын зах зээл 53 хувиар тэлж, 2.79 тэрбум ам.доллар хүрэх тооцоотой байгаа аж.