
Зургийг: Chris Harnan/Bloomberg
Энэ онд “S&P 500 Index” 14 орчим хувийн өсөлттэй байгаа ч “баярлах болоогүй” нь зах зээлийн ерөнхий уур амьсгалаас харагдаж байна. Технологийн хэдхэн хувьцаа өсөлтийн дийлэнхийг бүрдүүлж, АНУ-ын эдийн засгийн уналтын шинж тэмдгүүд олширч, геополитикийн зөрчлүүд нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэх болов. Тиймээс хаана хэт өндөр эрсдэл байгааг ойлгох нь чухал болоод байна.
Аль талбарт хөөсөрсөн үнэлгээ, эмзэг бизнесийн моделиуд ажиглагдаж буйг гадаад ба дотоодын хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд тодорхойллоо.
ХИЙМЭЛ ОЮУН VS. АВТО
Суурь нөхцөл: Хиймэл оюуны тэсрэлт, БНХАУ-ын удаашрал 2023 оны хөрөнгө оруулалтын өнгийг тодорхойлж байгаа нь 1990-ээд оны IT давамгайлсан мөчлөг эргэн ирлээ гэсэн хүлээлт үүсэхэд нөлөөлж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад АНУ-ын технологийн хувьцаанууд, ам.долларт даацтай хөрөнгө оруулаад инфляцын бууралтын үеийг бондоор хедж хийх давах хэрэгтэй гэсэн дохио өгнө.
Сэрэмжлэх шалтгаан: Нэгдүгээрт шинэ технологийг хялбар хөрөнгө оруулалт хийх боломжтой талбарт, ялангуяа нээлттэй зах зээлд гаргах нь тун ховор байдаг. Хиймэл оюуны хувьсгалын жинхэнэ гол хөзөр нь жижиг хөрөнгө оруулагчдын нүднээс хол, магадгүй жирийн хүмүүсийн сонсож ч байгаагүй хаалттай компаниудын гарт нуугдаж байгаа. Технологийн таван том хувьцааны (FAANG) үнэ аль хэдийн таазандаа тулсан тул хиймэл оюунт бүтээгдэхүүнээс нь юм хүлээвэл урам хугарч хоцрох магадлалтай. Харин 1990, 2000-аад оны IT хувьсгалаас төдийлөн ихийг хүртээгүй аж үйлдвэрлэл, бараа материал, эрчим хүчний салбарт хиймэл оюун жинхэнэ ач тусаа өгнө.
ӨГӨӨЖИЙН АРААС ХӨӨЦӨЛДӨХДӨӨ БОЛГООМЖТОЙ БАЙ
Суурь нөхцөл: Сүүлийн 15 жилд анх удаа АНУ-ын Засгийн газрын богино хугацаатай бондууд зэрэг үнэт цааснаас эрсдэл багатай, чамлахааргүй өгөөж хүртэж болохоор болж байна. Нөгөө талаас алтернатив хөрөнгө оруулалтууд сэргэж, мөн банкны салбар зээл олголтоо багасгаж, Холбооны Нөөцийн банк зах зээлд ихээхэн мөнгө нийлүүлсний нөлөөгөөр төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүн, өрийн хэрэгсэл гаргах сонирхол нэмэгдлээ.
Сэрэмжлэх шалтгаан: Туршлагаасаа харвал хүмүүс өгөөжийн төлөө зүтгэхдээ хувьцаанд хөрөнгө оруулснаасаа илүү том, илүү олон алдаа гаргах хандлагатай байдаг. Тэдгээр алтернатив бүтээгдэхүүний дийлэнх нь 8-12 хувийн өгөөж санал болгож байгаа. Гэтэл Засгийн газрын бондоос энэ дүнгийн хагасыг нь төдийлөн эрсдэл хүлээхгүйгээр хүртэж болж байгаа нь бодох л асуудал.
БҮХ ӨНДГӨӨ НЭГ САГСАНД БҮҮ ХИЙ
Сэрэмжлэх шалтгаан: Яг одоо хувьцаанд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийхээс татгалзах, зөвхөн төгрөгөөр хөрөнгө оруулалт хийхээ зогсоох буюу ам.долларын хөрөнгө оруулалтыг өөрийн багцдаа нэмэх нь чухал. Магадгүй зах зээлд хүүгийн түвшин өндөр байгаа энэ үед бондын хөрөнгө оруулалт хийх нь зөв юм. Учир нь эхний дайн дуусаагүй байхад дараагийн дайн эхэлснээс гадна урд хөршийн эдийн засгийн удаашрал, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналттай нь холбоотой дэлхий даяар тодорхой бус байдал үүсээд байна.
Том зургаараа: Тухайн үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайланг харахгүй хөрөнгө оруулалт хийдэг, мөн зах зээл болон тэдгээрт оролцогчдын ирээдүйн төсөөлөлд ямар нэг дүн шинжилгээ хийдэггүй нь хамгийн том алдаа гэж хардаг. Мөн хувьцааны ханш үргэлж дээш өсдөг гэсэн “bias”-аасаа салж чаддаггүй, хувьцааны ханш буурах нь эргээд боломж болдог гэдгийг хардаггүй. Иймд бүх хөрөнгөө нэг хувьцаанд нэг дор бус, тодорхой хугацаанд давтамжтайгаар хөрөнгө оруулалт хийх нь үр дүнтэй гэж боддог.
Эцэст нь та хэн нэгнээс зөвлөгөө авч хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол зөвлөгөө өгч буй хүн танд зөвлөсөн хөрөнгө оруулалтаа өөрөө хийсэн эсэхийг лавлах нь үр дүнтэй. Та туршилтын туулай биш шүү дээ.
МӨЧЛӨГИЙН ЗҮЙЛ МӨЧЛӨГИЙН Л БАЙДАГ
Сэрэмжлэх шалтгаан: Олон Улсын Валютын Сан аравдугаар сарын тайландаа 2024 оны дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөллөө өмнөхөөсөө 0.1 нэгж хувиар бууруулж, 2.9 хувийн өсөлттэй гарна гэж үзсэн. Мөн Төв банкнуудын авч хэрэгжүүлж буй зөөлөн газардуулах бодлого тийм ч зөөлөн биш байх эрсдэлтэйг анхааруулаад байна. Иймд хувьцаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол эдийн засгийн мөчлөг дагадаг салбаруудаас ялангуяа худалдаа, харилцаа холбоо, санхүү, технологийн зарим салбаруудаас зайлсхийх хэрэгтэй. Эсрэгээрээ алтернатив буюу алт, мөнгө, газрын тос зэрэг таваарын хөрөнгө оруулалтуудыг сонгох нь зөв.
Суурь нөхцөл: Израил улс Хамас бүлэглэлийн эсрэг дайн зарлаж, их гүрнүүд дайнд татагдаж эхэлснээс шалтгаалан мөнгөний урсгал харьцангуй найдвартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд болох алт, Засгийн газрын бонд болон газрын тос руу шилжиж эхэллээ. Алтны ханш дайн эхэлснээс хойш 8.61 хувиар өсөж, 1967 ам.доллар, газрын тосны ханш 6.89 хувиар өсөж, баррель нь 86.95 ам.доллар, харин “S&P 500 Index” хоёр хувиар унаж, 4224 нэгж болоод байна.
О.Нарантуяа, Б.Бат-Очир