Төсвийн болон гадаад орчны сорилтууд нэмэгдсэнээр БНЧУ, Румын, Унгар улс ирэх онд валютын ханшийн хямралд өртөх эрсдэлд ороод байгааг “Nomura Holdings” компанийн шинжээчид мэдээлсэн байна.
Тус компани хөгжиж буй 32 улсын валютын хямралд өртөх эрсдэлийн үнэлгээг хийсэн “Damocles Index”-д суурилан энэхүү анхааруулгыг гаргажээ. Ингэхдээ тухайн орнуудын гадаад валютын нөөц ба импортын харьцаа, богино хугацааны зээлийн бодит хүү, төсвийн болон урсгал дансны үзүүлэлт зэрэг найман хүчин зүйл дээр тулгуурлан тооцоолсон байна.
Египет, Шри-Ланк, Турк, Пакистан улс аль хэдийн валютын хямралд өртөөд байгаа бөгөөд одоо ч бүрэн сэргэж чадаагүй байгааг “Nomura Holdings”-ийн шинжээчид болох Роб Суббараман, Си Ын То нар даваа гарагт гаргасан тайландаа дурджээ.
Европын Холбооноос Унгар улсад олгох цар тахлын сэргэлтийн санхүүжилтээ хойшлуулснаас шалтгаалан форинтын ханш энэ онд хөгжиж буй орнуудын валют дундаас хамгийн тааруу үзүүлэлттэйд тооцогдож байна. Түүнчлэн Румын болон Чехийн үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг найм гаруй хувиар сулраад байгаа юм.
Ерөнхийдөө хөгжиж буй орнуудын валютын ханшид сүүлийн 20 гаруй жилд байгаагүй тогтворгүй байдал ажиглагдаж байгаа тул илүү өргөн хүрээний эрсдэл дагуулах магадлалтайг тайланд дурджээ.