Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний дөрвөн сард 7.7 тэрбум ам.доллар хүрч, өнгөрсөн оны дүнгээс 50.4 хувиар өслөө.
БНХАУ Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо цуцалсан, түүхий эдийн үнэ өндөр байгаа энэ үед Монгол Улсын экспортын хэмжээ оны эхний дөрвөн сард 5.1 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 81.6 хувиар өссөн дүн болж байна.
Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.2 тэрбум ам.доллар буюу 95.1 хувиар өссөн нь нөлөөлжээ. Мөн төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжоод байна.
2022 онд чулуун нүүрс нь нийт экспортын 51.8 хувийг эзэлж байсан бол энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 60.2 хувь болж, 8.4 пунктээр өсжээ.
I-IV сарын байдлаар 19 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тав дахин өссөн үзүүлэлт болж байна. Энэ онд Монгол Улс нүүрсний цахим арилжааг эхлүүлээд байгаа юм.
Харин зэсийн баяжмалын хувьд оны эхний дөрвөн сарын байдлаар 483.3 мянган тонныг экспортолсон байна. Энэ нь 2022 оны мөн үеэс гурван хувиар өссөн дүн боллоо. Дэлхийн банк болон Азийн Хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 болон 2024 онд эрчимжинэ гэсэн төсөөлөл танилцуулаад байгаа юм.