
Зургийг: Josep Lago/AFP/Getty Images
"ChatGPT", "Google Bard" зэрэг хэрэглэгчдэд чиглэсэн хиймэл оюунт хэрэглүүрүүд нь 10 гаруй жил үргэлжлэх тэсрэлттэй өсөлтийн цөм болж, улмаар 2032 он гэхэд генератив хиймэл оюуны зах зээлийн орлого 1.3 их наяд ам.доллар хүрэх тооцоотой байна.
Өнгөрсөн онд 40 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан энэхүү салбар ирэх 10 жилийн хугацаанд 42 хувиар тэлэхэд эхэндээ хиймэл оюунт системийг сургахад шаардлагатай дэд бүтцийн эрэлт, дараа нь хиймэл оюуны моделиудыг ашигладаг төхөөрөмжүүд, зар сурталчилгаа болон бусад үйлчилгээнүүд голлон нөлөөлөх төлөвтэй гэж "Bloomberg Intelligence" үзжээ.
"Дараагийн 10 жилд дэлхий нийтээрээ генератив хиймэл оюуны өсөлт тэсрэлт хийж, технологийн салбарын үйл ажиллагааг ул сууриар нь өөрчлөхийг харах болно. Энэхүү технологи нь хөгжлийн явцдаа IT салбарын зарцуулалт, зар сурталчилгааны зарцуулалт, кибер аюулгүй байдлын нэн чухал хэсэг болохоор байна" хэмээн шинжээчдийн багийн ахлагч Мандип Сингх онцолжээ.
"Bloomberg Intelligence"-ийн тооцоолсноор хиймэл оюуны орлогын өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь хиймэл оюунт моделиудыг сургах дэд бүтцийн эрэлт байх бөгөөд 2032 он гэхэд энэ чиглэл 247 тэрбум ам.доллароор үнэлэгдэх аж. Харин хиймэл оюуны туслалцаа бүхий дижитал зар сурталчилгааны бизнесийн жилийн орлого 192 тэрбум ам.доллар, хиймэл оюунт серверүүдийн орлого 134 тэрбум ам.доллар хүрэх тооцоотой байна.
"Хиймэл оюун" тусгай хөтөлбөр