
Зургийг: Nathan Laine/Bloomberg
Дэлхий дахинд цахилгаан автомашины өсөн нэмэгдэж буй хэрэглээний талаар дурдагдах болгонд ихэнх хүмүүсийн бодолд “Tesla”-ийн автомашинууд эхэлж орох нь дамжиггүй. Хэдий тийм боловч санаанд оромгүй нэгэн өрсөлдөгч маш хурдтай гүйцэн ирж байгааг Илон Маск арын толиндоо харах болов. Хөгжиж буй орнуудын цахилгаан автомашины зах зээлд “Tesla” биш “BYD”-ийн автомашинууд өдгөө давамгайлж, Делигээс эхлээд Монтевидеогийн гудамжнуудад элбэг үзэгдэх болсон байна.
БНХАУ-ын Шэньжэньд төвтэй, тэрбумтан Уоррен Баффетын “Berkshire Hathaway”-ийн хөрөнгө оруулалттай тус компани нэгдүгээр улиралд “Volkswagen"-ийн 2008 оноос хойш ганцаараа ноёлсон байр суурийг булааж улсынхаа хамгийн өндөр борлуулалттай авто брэнд болсон юм. Тэргүүн байр ийнхүү солигдсоны шалтгаан нь тайлант хугацаанд “BYD” БНХАУ-ын цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт автомашины нийт борлуулалтын 39 хувийг, суудлын автомашины нийт борлуулалтын 12 хувийг бүрдүүлсэнтэй холбоотой болохыг БНХАУ-ын Зорчигч тээврийн автомашины холбооны мэдээллээс харж болно.
Хэдий тийм боловч “BYD” компани зөвхөн нутагтаа төдийгүй олон улсад гэрлийн хурдаар тэлж байгаа нь өрсөлдөгч “Tesla”-ийг “нэг юм бодох”-оос өөр аргагүй байдалд оруулж байна. Өдгөө “BYD” дэлхийн 53 улс, бүс нутагт автомашинаа худалдаад зогсохгүй Бразил, Колумби, Израил, Тайланд улсад хорт хийн ялгаруулалт багатай автомашины тэргүүлэх үйлдвэрлэгч болоод байгаа аж. Улс төрийн шалтгаанаас болж хэдий АНУ төлөвлөгөөнийх нь гадна үлдсэн ч тус компани саяхан Мексик, Испани, Их Британийн зах зээлд оржээ. Энэ сард тэд Италид азаа үзэх бөгөөд “Fiat”-ийн төрөлх нутаг болох Туринд нээлтийн ёслолоо хийх аж.
"Мөрөөдлөө босго" буюу "Build Your Dreams" гэсэн үгийн товчлолыг нэрээ болгосон “BYD”-ийн энэхүү амжилтын түүх БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний тодорхойлсон “Хятад мөрөөдөл”-ийн бодит жишээ болж байна. Тодруулбал: тус улсын сүр хүчийг дахин бий болгож, дэлхийн эдийн засгийн талбарын төвд эргүүлэн аваачих нь Хятад мөрөөдөл болохыг тэрбээр тодотгож байв.
Тус компани гадаадын ч, дотоодын ч жолооч нарын дунд нэр хүндтэй байгаагийн шалтгаан нь гоёмсог дизайнтай, чанартай хийгдсэн загваруудыг яг тохирсон үнээр санал болгож чаддагт оршино. “BYD”-ийн "Ocean" цувралын сүүлд гаргасан загвар болох цахилгаан “hatchback” ангиллын "Seagull" автомашины үнэ ердөө 10 мянга 400 ам.доллароос эхэлж байна. Энэхүү автомашин 55 киловаттын цахилгаан мотортой, нэг цэнэглэлтээр 300 км зам туулах хүчин чадал бүхий 30 кв/цагийн цэнэг хураагууртай, хамгийн ихдээ 130 км/цагийн хурд авдаг ажээ.
BYD энэхүү боломжийн үнийг "боломжтой" болгодог гол нууцуудын нэг нь компанийн босоо интеграцын стратеги юм. Эд ангийг аль болох дотроо үйлдвэрлэх тусам өртгийн хяналт дагаад сайжирч, үнийг хямдруулах нөхцөл бүрдэнэ гэж компанийн удирдлага үздэг. Бусад авто үйлдвэрлэгчдээс ялгаатай нь BYD өөрсдөө цэнэг хураагуур (дэлхийд цэнэг хураагуурын үйлдвэрлэлээр хоёрдугаарт бичигддэг) болон хагас дамжуулагчаа үйлдвэрлэдэг тул цар тахлын үед бусад компаниудыг бүдрүүлсэн нийлүүлэлтийн сүлжээний тасалдлаас ерөнхийдөө хамгаалагдсан гэсэн үг юм.
Шэньжэнь хотын захад BYD-ийн оффисууд, үйлдвэрийн барилгууд тархан байрлах бөгөөд компанийн олон арван мянган ажилтнууд тэдгээрийн хооронд агаарын төмөр замаар зорчдог байна. Ажилтнуудын дотуур байр үйлдвэрийн бүс дотор байрлахын зэрэгцээ компанийн инженерүүд, санхүүгийн ололт амжилтуудыг алдаршуулсан музей мөн тэнд баригджээ.
Өнгөрсөн онд BYD 1.86 сая нэгж цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт автомашин борлуулсан нь өмнөх дөрвөн жилийг нийлүүлснээс ч өндөр дүн аж. Мөн компанийн ажиллах хүч хоёр дахин нэмэгдэж 570,060 хүрсэн нь дэлхийн тэргүүлэх авто үйлдвэрлэгч Toyota-аас даруй 200 мянгаар илүү байна. Харин энэ онд BYD 3.7 сая нэгж автомашин борлуулах зорилт тавьсан бол Tesla 2 сая гаруйг борлуулж магадгүйгээ илэрхийлсэн юм.
"Бүхий л стандартаар авч үзвэл BYD дэлхийн автомашины гол компаниудын нэг болох ямар ч боломжгүй нөхцөлөөс гарч ирсэн. Богинохон хугацаанд тэдний хийж гүйцэтгэсэн бүхнийг биширмээр гэхээс өөрөөр тодорхойлох аргагүй" хэмээн өмнө нь Tesla-д захирал хийж байсан Стив Уэстли өгүүлж байна.
Дэнни Ли, Линда Лю, Жиньшань Хон