
Зургийг: Shell Plc
“Shell” компанийн шинэ тэргүүн газрын тос, байгалийн хийн гарцыг танах нь хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулж, уул уурхайн бусад томоохон компаниудын шатах түлш, эрчим хүчний аюулгүй байдалд чиглэсэн бодлогын өөрчлөлтийг бататгажээ.
“Дэлхий дахинд урт хугацаандаа газрын тос, байгалийн хийн хэрэгцээ шаардлага үүснэ гэсэн байр суурьт би бат зогсож байна. Иймд газрын тос, байгалийн хийн гарцыг танах нь тийм ч таатай зүйл биш” хэмээн “Shell” компанийн Гүйцэтгэх захирал Ваэль Саван ярилцлагадаа онцолжээ.
Европын эрчим хүчний бүтээгдэхүүний тэргүүлэх компаниуд уур амьсгалд чиглэсэн бодлого харьцангуй бага явуулдаг АНУ-ын компаниудын стратегийг дагах нь нэмэгдэж, газрын тос, байгалийн хийн бизнесийнхээ ашиг болон хөрөнгө оруулагчдад очих өгөөжийг өнгөрсөн онд дээд түвшинд хүргээд байгаа юм.
“Shell”-ийн гол өрсөлдөгч “BP” компани ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллээс үүдсэн нийлүүлэлтийн тасалдлын дараа эрчим хүчний найдвартай байдлыг хангахын тулд газрын тос болон байгалийн хийн үйлдвэрлэлээ төлөвлөгөөний дагуу бууруулах эрчийг сааруулна гэдгээ өнгөрсөн сард мэдэгдэж байв.
“Эрчим хүчний систем хэр эмзэг болохыг бид 2022 оны турш харсан. Үнэ огцом өсөж эхлэх нь бүгдэд, ялангуяа хэрэглэгчдэд ихээхэн таагүй зүйл шүү дээ” хэмээн Ваэль Саван нэмж дурдсан байна.
Хэдий тийм боловч өнгөрсөн онд нүүрсхүчлийн давхар ислийн ялгарал дээд цэгтээ хүрч өссөн нь дэлхий дахин уур амьсгалын зорилтуудаа биелүүлж, дэлхийн дулаарлын хамгийн хор хөнөөлтэй нөлөөнөөс зайлсхийхийн тулд улам яаравчлах хэрэгтэй болсныг харуулсан юм.