
Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч “Tesla”-ийн хувьцааны ханшийн тогтмол уналтын үр дүнд тус компанийн зах зээлийн үнэлгээ 2020 оны 11 дүгээр сараас хойш анх удаа 500 тэрбум ам.доллароос буурлаа.
Лхагва гарагийн Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн хаалтаар хувьцааны ханш 2.6 хувиар буурч, 156.8 ам.доллар хүрснээр компанийн зах зээлийн үнэлгээ 495 тэрбум ам.доллар болсон байна. Ингэснээр энэ он гарсаар тус компанийн зах зээлийн үнэлгээ нийтдээ 55 хувиар буурлаа.
Үүний зэрэгцээ “Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск 3.58 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 22 сая ширхэг хувьцаагаа худалдсан байна. Энэхүү арилжаа нь он гарснаас хойш Илон Маск “Tesla”-ийн хувьцаагаа худалдсан дөрөв дэх тохиолдол болж байгаа бөгөөд арилжааг 12 дугаар сараас 12-14-ний өдрүүдэд хийжээ.
Эдийн засгийн хямрал болон Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгээ өсгөх шийдвэрүүдийн улмаас хөрөнгө оруулагчид эрсдэл өндөртэй, өндөр үнэтэй хувьцаануудаа худалдаж эхлэх болсон аж. Үүний улмаас “Tesla”-ийн хувьцааны ханш он гарсаар эрчимтэй буурсан юм.