Зургийг: Монголбанк
Монголбанкны судлаачид хоёрдугаар улиралд шинжээч, бизнесүүд, багш зэрэг 26 шинжээчийн дунд явуулсан макро эдийн засгийн төсөөллийнхөө тайланг танилцууллаа.
Нэгдсэн үр дүнг харвал, 2023 оны хоёрдугаар улиралд инфляц 11.4 орчим хувьтай, эдийн засгийн өсөлт 5.5 хувьтай, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3469.8 орчим байна гэж төсөөлжээ.
Сүүлийн саруудад инфляц харьцангуй тогтворжсонтой зэрэгцээд инфляцын талаарх шинжээчдийн хүлээлт өмнөхөөс сайжирчээ. Хоёрдугаар улиралд нийт шинжээчдийн дийлэнх нь буюу 29.1 хувь нь инфляц 10-10.9 хувийн орчимд хадгалагдах хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн бол 2024 оны хоёрдугаар улирлын хүлээлт дунджаар 10.5 хувьтай гарсан байна.
Эдийн засгийн өсөлт нэгдүгээ улиралд 7.9 хувьтай гарсан нь шинжээчдийн өмнөх таамаглалаас 4 нэгж хувиар өндөр байсан. Үүнтэй холбоотойгоор энэ оны хоёрдугаар улиралд шинжээчдийн өсөлтийн таамаглал харьцангуй нэмэгдэж, өмнөх 4.1 хувийн төсөөлөл нь 5.5 хувь, 2024 оны эхний улирлынх 5.4 хувь болжээ.
Харин төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн төсөөлөл хоёрдугаар улиралд 3469.8 төгрөг байх бол цаашид төгрөгийн ханш суларч 2024 оны нэгдүгээр улиралд 3572.8 төгрөгт хүрнэ гэж төсөөлжээ. Шинжээчид 2023 оны хоёрдугаар улирлын төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг өмнөх хоёр улирлын түүвэр судалгааны үр дүнтэй харьцуулахад бага зэрэг чангарах хүлээлттэй байсан гэж тайланд дурджээ.