
Зургийг: С.Батсайхан
Оны эхний есөн сарын хугацаанд Монгол Улс хагас тэрбум ам.долларын үнийн дүн бүхий суудлын автомашин импортолсон байна. Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр тайлант хугацаанд 53 мянга 257 суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс гурван хувиар, 2021 оныхоос 28.4 хувиар өсжээ. 2022 оны мөн үед 436.3 сая ам.доллароор 51 мянга 700 ширхэг суудлын автомашин импортолж байсан аж.
Оны эхний хагас жилд өсөлтийн хурд харьцангуй буурч байсан ч III улиралд импортолсон автомашины тоо нэмэгдсэнээр нийт өсөлтөд гол жин дарсан байна.
Санхүүгийн тогтвортой байдлын тайлангаас харахад санхүүгийн байгууллагуудаас олгосон иргэдийн зээлийн үлдэгдэл 20.6 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 18 хувиар өсжээ. Иргэдийн зээлийн өсөлтийн дийлэнхийг хэрэглээний зээл бүрдүүлж байгааг дээрх тайланд онцолсон байна.
Төлбөрийн тэнцлийн урсгал дансны үзүүлэлтэд чухал нөлөө үзүүлдэг удаан эдэлгээтэй барааны импортыг зохистой түвшинд байлгахад зээлийн шалгуур чухал нөлөөтэйг Монголбанкны Ерөнхийлөгч өмнө нь илэрхийлж байсан юм. Тэрбээр "Монголбанк суудлын автомашины импортод татвар тавьж чадах эрх бүхий газар биш. 2022 онд хэрэглээний зээлийн хугацааг 30 сар болгон бууруулж байсан нь автомашины лизингийн хугацаа 30 сар болсон. Ингэсэн ч импорт өссөн хэвээр байна" гэж онцоллоо.