
Дэлхий даяар Төв банкнууд инфляцыг хязгаарлах мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн уналт болох эрсдэл нэмэгдсэн. Bloomberg-ийн тооцоолдог “Засгийн газрын болон компанийн бондуудын өгөөжийн индекс” 2021 оны нэгдүгээр сарын үеийн дээд түвшнээсээ 20 хувиар буурсан байна. Энэ нь 1990 оноос хойших хамгийн эрчтэй уналт болж байгаа юм.
Сүүлийн үед "Jackson Hole"-д болсон эдийн засгийн симпозиумын үеэр ч АНУ, Европын Төв банк мөнгөний бодлогыг чангатгахын ач холбогдлыг тодотгосоор байв. Өөрөөр хэлбэл мөнгөний хатуу бодлогыг урт хугацаанд үргэлжлүүлснээр бондын зах зээл ойрын хугацаанд эрчтэй өсөхөд хүнд болж байна.
Дотоодын хөрөнгийн зах зээлд ч мөн аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд багтдаг бондын арилжааны идэвх нэмэгдэж байгаа.
Одоогоор манай засгийн газрын “Century” бондын арилжаа хамгийн идэвхтэй байна. Графикаас харвал мөн дэлхийн бондын зах зээлтэй адил өгөөж буурах хөдөлгөөн голчлон гарчээ. Долоодугаар сард оргил түвшиндээ хүрсэн бол наймдугаар сард үүнээс хойш 18.81 хувиар буурч, одоо эргэн өсөх хөдөлгөөн ажиглагдаж байна.
Уналтад Монголбанк ч мөн бодлогын хүүгээ аажмаар чангатгах шийдвэр гаргаж байгаагаар тайлбарлаж болох юм. АНУ-ын хувьд Засгийн газрынх нь урт хугацаатай бондын эрэлт өндөр байгаагаас ханш өсөж, өгөөж нь богино хугацаатай бондынхоос бага болсон гэж "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК-ийн хөрөнгө оруулалтын зөвлөх Г.Маргад тодотгож байв.
Компаниудын бондын хувьд мөн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа гэдгийг ҮЦК-иудын удирдлагууд мэдэгдэж байлаа. Дотоодод харвал биржийн бус зах зээлд бонд гаргаж байгаа компанийн бондууд илүү өндөр өгөөж амлаж байгаа нь харагдаж байна.
Долоодугаар сард инфляц 16.1 хувиас 15.7 хувийн түвшинд хүрсэн буюу өндөр хэвээр байсан бол наймдугаар сард улирлын чанартайгаар 15 хувиас доош түвшинд буурч саарч байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд мэдэгдээд байгаа юм.