Надад хэлэлцүүлгийн багахан хэсгээс сонсох боломж олдсон л доо. Хэлэлцүүлгээр эцсийн дүнд Засгийн газрууд цаашид ч оршин тогтноно гэж дүгнэсэн. Тэгвэл Засгийн газрууд, хувийн хэвшлүүд, жижиг дунд бизнесүүд хиймэл оюуныг илүү аюулгүй, хүртээмжтэй байдлаар олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ?
Тэгэхээр маш ойлгомжтой нэг арга зам бол иргэдийн хүлээлтийн дагуу Засгийн газрууд арга хэмжээ авах юм. Дэн Сяопины хэлдгээр “хулгана агнах” гэх үү дээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Засгийн газар ард иргэдийнхээ хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангах үржил шимтэй хөрсийг бий болгох ёстой. Тиймээс нэн тэргүүнд хийх шаардлагатай ажил бол хиймэл оюуны туршилтыг аюулгүй, эдийн засгийн хувьд үр ашигтай явуулах зохицуулалтын орчныг бүрдүүлэх юм. Зарим тохиолдолд ямар зохицуулалт шаардлагатайг мэдэхийн тулд эхлээд туршилтын орчныг бүрдүүлж болно. Зарим Засгийн газар техникийн хувьд чадварлаг, өрсөлдөхүйц, дээр нь дэвшилтэт технологийн талаар мэдлэгтэй байгаа. Энэ утгаараа шууд л зохицуулалтын үе шат руу орох боломжтой. Гэвч дэлхийн дийлэнх улс тийм биш.
Жишээлбэл, Монгол улс.
Тийм ээ, жишээлбэл Монгол Улс. Ерөнхийдөө жижиг, дунд эдийн засагтай эсвэл нарийн, дэвшилтэт, дижитал технологийн үндэс суурьгүй улс орнууд эхний ээлжид туршилт явуулах шаардлагатай. Засгийн газрын зүгээс энтрепренерүүд болон томоохон корпорацуудад хувьцаа эзэмшигчдийн тусламжтайгаар хиймэл оюуны технологийг турших аюулгүй орчныг нь бүрдүүлж өгнө. Дараа нь туршилт хэрхэн явагдаж байгааг хянаж, сайжруулж, ямар үр дүн авчрах боломжтой, туршилтын цар хүрээг өргөжүүлэхэд ямар зохицуулалт хэрэгтэйг мэдэж авах юм. Энэ нь Уганда тэргүүтэй харьцангуй жижиг эдийн засагтай улс орнуудад үр дүнгээ өгсөн арга зам.
Хиймэл оюун, тэр дундаа генератив хиймэл оюун 100 хувь үнэн бодит мэдээллээр хангахгүй байгааг бид мэднэ. Зарим салбарын хувьд жижигхэн алдаа ч маш муу үр дагаварт хүргэх боломжтой. Жишээлбэл, хөрөнгийн зах зээлд 90 хувийн магадлал маш өндөр үзүүлэлт шиг сонсогдоно. Харин бусад салбарт багахан хувийн магадлал ч сөрөг үр дүн авчрах боломжтой шүү дээ. Тэгэхээр хиймэл оюун хэзээ нэг өдөр гол шийдвэрийг гаргах механизм болно гэж та бодож байна уу? Аль эсвэл ЗГ, хувь хүмүүсийн ашиглах арга хэрэгсэл хэвээр байх уу?
Хиймэл оюун аливаа нэг хүний амьдралд маш ноцтой үр дагавар авчрах шийдвэрийг хэзээ ч гаргах ёсгүй. Хүнд өвчнийг оношлох эсвэл зэвсэгт мөргөлдөөн зэрэг үхэл амьдралыг шийдэх асуудалтай холбоотой шийдвэрийг гаргах явцад заавал нэг хүн байх ёстой. Түүнчлэн хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой асуудал, боловсролын асуудал эсвэл тээврийн асуудлаар шийдвэр гаргах үе шатанд хүний оролцоо байх хэрэгтэй. Тэгэхээр тодорхой хэдэн салбарын шийдвэр гаргах явцад хүний оролцоо зайлшгүй шаардлагатай юм. Гэхдээ энэ нь хиймэл оюуны бүх төрлийн хэрэглээ ийм байна гэсэн үг биш. Зарим энгийн асуудалд хиймэл оюун миний хэлдгээр бичил шийдвэрүүдийг бие даан гаргаж чадна.
Генератив хиймэл оюуны талаар үргэлжлүүлэн ярилцъя. "ChatGPT" хэрэглээнд нэвтэрснээс хойш анхаарал татсан сэдэв болоод байна. Би хэдий энэ талаар нарийн мэдэхгүй ч гэлээ интернэтэд байгаа дата мэдээллээс ихээхэн хамааралтай юм шиг санагдсан. Жишээлбэл, Монгол Улсад хиймэл оюуны системийг сургахад хангалттай Монгол хэл дээрх дата мэдээлэл байхгүй. Тиймээс бид юун дээр анхаарах хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Энэ асуудлыг хиймэл оюун судлаачид ярьсаар байгаа. Монгол Улс бол үүний нэг жишээ. Дэлхий дахины дата санд хангалттай мэдээлэл нь багтаагүй улс орнууд болон үндэсний цөөнхүүд олон бий. Тиймээс, юун түрүүнд өгөгдлийн санг эдгээр улс орон, үндэстний хэлээр баяжуулах хэрэгтэй. Энэ бол эхний асуудал.
Хоёрдугаарт, бид синтетик датаг харах хэрэгтэй. Синтетик датаг монгол хэлээр бүтээж болох эсэхийг судална. Гуравдугаарт, генератив хэрэглээнд нэвтэрсэн бэлэн хиймэл оюуны модель байгаа эсэхийг харна. Жишээ нь "Facebook"-ийн генератив хиймэл оюун бага дата ашигладаг. Бид бага дата, өргөн дата гэж ангилдаг л даа. Өргөн дата гэдэг нь тодорхой горимоор багцалсан жижиг датануудын нийлбэрийг хэлдэг. Заавал их хэмжээний дата байх шаардлагагүй. Дэлхийн эдийн засгийн форум дээр шагнал хүртэж буй шинийг санаачлагчид шифрлэгдсэн багц жижиг датанууд руу алгоритм хэрхэн нэвтрэх боломжтойг харуулж байгаа. Үүнд их хэмжээний дата шаардлагагүй.
Ярилцлагынхаа төгсгөлд хиймэл оюунаас үүдэлтэй гол эрсдэл болон гурван гол дэвшилт юу байх талаар ярилцъя.
Мэдээж үр бүтээмжийн хүрээнд ахиц гарсан. Үүнийг дагаад мэдээллийг боловсруулах, хүүрнэх үйл явц автоматчилагдаж байна. Гол потенциал үр бүтээмжид байгаа. Хиймэл оюун хүний цаг, эрч хүчийг хэмнэхэд нь тусална гэж би боддог. Ингэснээр хүн илүү үнэ цэнтэй үүрэг даалгавар дээр төвлөрч чадна. Стратеги боловсруулах, загвар гаргах, ирээдүйн зорилгуудаа эргэцүүлэх, хиймэл оюуныг хүмүүсийн амьдралд хэрхэн ашиглах талаар бодох, генератив хиймэл оюуны үр ашгийг хүртэх, хиймэл оюуныг ажиллуулах гэх мэт. Тодорхой зорилготой, хүн төвтэй ажлын байрны загварыг бодож ч болно. Хиймэл оюун бол хүнд үйлчлэх зориулалттай хэрэгсэл. Хүний ажлыг илүү ая тухтай, үр бүтээлтэй болгон хөнгөвчилж, хүмүүсийг хамгийн сайн хийж чадах ажил дээр нь төвлөрүүлж өгнө. Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хиймэл оюун одоогоор ийм биш байгаа. Гэхдээ цаашид ийм л хиймэл оюуныг хөгжүүлэх хэрэгтэй юм.
Ярилцсан: М.Эрхэс