
Зургийг: David Paul Morris/Bloomberg
“Uber”-ийн ашиг шинжээчдийн таамгийг давснаар мягмар гарагт хувьцааны ханш нь өслөө. Эдийн засгийн төлөв тодорхойгүй байгаа энэ үед хэрэглэгчид унаа дуудлага, хоол хүргэлтийн үйлчилгээнд мөнгө зарцуулсан хэвээр буйг “Uber”-ийн тайлан харуулж байна.
Оны эхний улиралд татвар, хүү, валютын ханшийн өөрчлөлтийг тооцоололгүйгээр авч үзвэл тус компанийн ашиг 761 сая ам.доллар хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамаглал болох 678.6 сая ам.долларын ашгийг давсан үзүүлэлт болсон юм.
Тайлангаа танилцуулсны дараа “Uber”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 7.6 хувиар өссөн байна. Ингэснээр энэ он гарсаар хувьцааны ханш нь 40 хувиар өсөөд байна.
Эдийн засгийн өсөлт саарч, инфляц эрчимжсэнээр жижиглэн худалдаа буураад буй энэ үед “Uber”-ийн ашиг хүлээлтийг давсан нь анхаарал татаж байгаа юм. Үүнтэй харьцуулахад тус компанийн гол өрсөлдөгч “Lyft”-ийн эрэлт буурч, ашиг нь багассанаар үйл ажиллагаандаа хяналт тавьж эхэлжээ.
Тайлант хугацаанд “Uber”-ийн нийт захиалга 31.4 тэрбум ам.доллар хүрсэн байна. Түүнчлэн унаа дуудлагын үйлчилгээний захиалга 15 тэрбум ам.доллар байсан нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт боллоо.