Зургийг: С.Батсайхан
Монгол Улсад ажилгүй хүмүүсийн тоо буурах хандлагатай байгаа ч ажиллагчид төдийлөн нэмэгдэхгүй байна. Хөдөлмөрийн захын эрүүл байдлыг илэрхийлдэг энэ хоёр үзүүлэлтийн харилцан хамаарал, түүний шалтгаан болон үр дагавар юу вэ?
Ажиллах хүчний оролцоо сул хэвээр
Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 5.8 хувь буюу 2016 оноос хойших хамгийн бага түвшинд хадгалагдаж буй боловч ажиллах хүчний оролцооны түвшин цар тахлын өмнөх түвшнээс доогуур хэвээр байгааг Монголбанкны II улирлын инфляцын тайлангаас харж болохоор байна. Тодруулбал: 2019 оны II улирлаас хойш ажиллагчдын тоо төдийлөн өөрчлөгдөөгүй байхад ажиллах хүчнээс гадуурх хүн ам 62.6 мянгаар нэмэгджээ. Үүнд тэтгэвэр авагчид, суралцагчдын тоо нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.
Тухайн улсад, тухайн цаг хугацаанд ажил эрхлээгүй байгаа иргэдийн тоогоор хөдөлмөрийн захын ерөнхий дүр зургийг тодорхойлох нь учир дутагдалтай гэж үздэг. Хөдөлмөрийн зах зээлийг тандах аргачлалуудаас харвал ажиллах хүчний оролцооны түвшин бага байх нь ажилгүйдлийн түвшин буурах нэг шалтгаан болдог аж. Сэргэж буй эдийн засагт муугийн дохио болдог энэ харилцан хамаарал Монголд бий болсон байх боломжтой юу?
Ажиллах сонирхол яагаад багасав?
Хөдөлмөр их шингээдэг уул уурхайн бус салбарын өсөлт саарч, ажиллагсдын тоо өсөхгүй байгаа нь ажиллах хүчний оролцооны түвшин сул байхад ихээхэн нөлөө үзүүлсэн байна. 2022 онд 8.2 хувиар өсөж байсан тус салбарын өсөлт энэ онд 3.4 хувь болж саарах төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа тээвэр, мэдээлэл холбоо, эрчим хүчний үйлдвэрлэлээс бусад салбарт саарах хандлагатайг Монголбанк тайландаа онцолжээ.
Дэлхий дахинд ажиллах хүчний оролцооны түвшнийг бууруулж буй хүчин зүйлс болох технологи, хиймэл оюуны хурдацтай дэвшил, мөн зайнаас ажиллах болон уян хатан ажлын хуваарь зэрэг цар тахлаас үлдсэн трендүүдийн нөлөөлөл Монголын хөдөлмөрийн захад мэдрэгдэж байх боломж бий. Хэдий тийм боловч бага цалин, мөн цалингийн хангалтгүй өсөлт, ажлын байрны найдвартай байдлын дутагдал иргэдийн ажиллах сэдэл, сонирхлыг хамгийн ихээр сулруулж, цаашлаад чадварлаг ажиллах хүчний гадаад руу чиглэсэн урсгалыг нэмэгдүүлж байгааг эдийн засагчид хэлж байна.
Тайлангаас харвал өнгөрсөн улиралд бодит цалин жилийн өмнөх үеэс 10.5 хувиар өссөн ч өсөлтийн дийлэнх хувийг уул уурхай, Төрийн удирдлагад ажиллагсдын цалингийн өсөлт бүрдүүлсэн аж. Харин эрүүл мэнд, эрчим хүч, худалдааны салбарт ажиллагсдын цалин хамгийн бага хувиар өсжээ.
Эдийн засгийн өсөлтийг өрхийн түвшинд, аж ахуйн нэгжүүдэд хүртээмжтэй, мөн тогтвортой байлгахад нөлөөлөх хүчин зүйл нь ажил эрхлэлт. Монголд ажиллагсдын тоо дорвитой нэмэгдэхгүй байгаа тул хөдөлмөрийн зах зээлд ажлын байр ихээр шингээдэг хувийн хэвшил тэлэх орон зайг үүсгэх нь эн тэргүүний зорилт болохыг Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч С.Болд онцолж байлаа.
АНУ дахь харилцан хамаарал
Ажилгүйдлийн бага түвшин хөдөлмөрийн өндөр эрэлттэй давхцах буюу АНУ-д нэрлэдгээр хөдөлмөрийн зах зээл “халуун” байх үзэгдэл тус улсад яг одоо үргэлжилж байна. Шинэ ажилтан авах, тэднийгээ хадгалж үлдэхэд хүндрэлтэй тулгарсан ажил олгогчид цалингаа нэмж, улмаар иргэдийн зарцуулалт нэмэгдэж, хөдөлмөр болон үйлдвэрлэлийн зардал мөн өссөнөөр инфляцыг өдөөх гинжин урвал үүсдэг аж.
Өнгөрсөн сард АНУ-д хөдөлмөр эрхлэгсдийн тоо 336 мянгаар буюу он гарснаас хойших хамгийн өндөр дүнгээр өссөн нь Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ дахин өсгөж эхлэхэд хүргэж болзошгүй суурь нөхцөл болсон юм.