
Зургийг: kincoracopper.com
Монголд зэс, алтны хайгуулын "Хүрэл үнэг" төсөл хэрэгжүүлж буй "Kincora Copper" компанийн 2.7 тэрбум төгрөгийн татварын асуудлыг Давж заалдах шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон талаар тус компани мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор “Kincora Copper” компани Монгол Улсын Дээд шүүхэд хандахаар бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна.
2021 онд “Kincora Copper”-ийн охин компани болох “Golden Grouse IBEX”-ийн нэгдэн, нийлэх хэлцлийн дараа Монгол Улсын Татварын ерөнхий газраас 2.7 тэрбум төгрөг буюу 800 мянган ам.долларын татвар ногдуулж байсан юм.
"2016 онд "IBEX"-ийн нэгдэн, нийлэх хэлцлийг амжилттай болоход нөлөөлсөн татварын хувь хэмжээг хэвээр үлдээхэд "Kincora Copper" бат зогсож байна. Хууль буцаан үйлчилсэн шинжтэй татварын үндэслэлгүй ногдуулалт, мөн Татварын ерөнхий газрын аргачлал, маргаан шийдвэрлэх процесс нь Монгол Улсад цаашид хийгдэх их хэмжээний хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна. Давж заалдах шатны шүүх маш богино хугацаанд шийдвэр гаргасан нь, танилцуулсан үндэслэлүүд нь, өмнөх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх мэдлээсээ гадуур шийдвэр гаргасан нь биднийг гайхшируулсан. "Kincora Copper" одоо энэ асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд хандахаар бэлтгэж байна" хэмээн тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Сэм Спринг мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр Дээд шүүхэд гаргасан олон хүсэлт нь буцаагдсаныг дурдаад, гэрээний халдашгүй байдал, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан хуулийн болон татварын ил тод байдал нь хөрөнгө оруулалт татах үндэс суурь болохыг тодотгожээ.
"Энэхүү маргааныг 2016 онд хийгдсэн татварын анхны актад нийцүүлэн шийдвэрлэснээр олон улсын хөрөнгө оруулагчдад томоохон эерэг дохио өгөхийн зэрэгцээ Монголд орж ирэх хөрөнгө оруулалтыг гацааж буй олон асуудлуудыг шийдвэрлэх эхлэлийг тавина" хэмээн өгүүлсэн байна.