
Зургийг: Harita Nickel
Индонез улсын металл үйлдвэрлэл, уул уурхайн “Trimegah Bangun Persada” компани хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаар 10 орчим их наяд рупи буюу 659 сая ам.доллар татан төвлөрүүлжээ.
“Harita Nickel” нэрээр танигдсан тус компани нэгж хувьцаа тус бүрийг 1250 рупи буюу арилжааны хамгийн дээд дүнгээр үнэлж, найман тэрбум гаруй хувьцаагаа зарсныг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Үнэлгээ дээр үндэслэн тооцоолбол энэ нь Индонезийн биржид 2023 онд гарсан хамгийн том IPO болохоор байгаа юм.
Дэлхийн хэмжээнд үнэт цаасны арилжаа ихээхэн хэлбэлзэлтэй байгаа үед хийгдсэн энэхүү IPO нь бүс нутагтаа хамгийн том эдийн засагтай Индонез улсыг 2023 оны Азийн хамгийн идэвхтэй зах зээлүүдийн нэг болгож байна.
“Harita Nickel” нь Индонезийн Хойд Малуку мужийн Оби аралд тус улсын анхны өндөр даралттай хүчилд уусган хайлуулах (HPAL) үйлдвэрийг ажиллуулдаг. Бага агуулгатай хүдрийг холимог гидроксидын тунадас буюу цаашид цэнэг хураагуурын үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой никель болгоход HPAL аргыг ашигладаг байна.
Тус байгууламж нь жилд 55 мянган тонн холимог гидроксид үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ирэх онд шинэ үйлдвэр ашиглалтад орвол гарцаа хоёр дахин нэмэгдүүлж, 120 мянган тонн хүргэх ажээ.