
Сүүлийн өдрүүдэд дизель түлшний нийлүүлэлт тасалдаж байгаа талаар “Магнай трейд” компаниас тодруулахад “Улаанбаатар хотод дизель түлш байхгүй, аймгуудын хувьд тасалдсан. Бусад шатахууны хувьд зарим шатахуун түгээх станцуудад нийлүүлэлт тасалдаж байгаа” гэж мэдээллээ. Шалтгааны хувьд татан авалттай холбоотойгоор ийм нөхцөл байдал үүссэн гэж онцлов.
Албан бус мэдээллээр зарим аймгуудад дизель түлш 4000-4200 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.
Сүүлийн байдлаар буюу 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 38 хоног, АИ-95 автобензин 37 хоног, дизель түлшний 13 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна. Нийт 98 мянга гаруй тонн шатахууны үлдэгдэлтэй буюу АИ-92 автобензин 50.4 мянган тонн, АИ-95 автобензин 4874 тонн, дизель түлш 34 мянган тонн үлдэгдэлтэй байгааг Ашигт малтмал, Газрын тосны газрын мэдээллээ. Харин нийслэлд 59 мянга гаруй тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд нэгдүгээр сарын нэгний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 1,629.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс: АИ-92 автобензин 543.8 мянган тонн, АИ-95/98 автобензин 20.9 мянган тонн, дизель түлш 825.7 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 152 мянган тонныг импортолсон байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал