Хэрэв БНХАУ-ын эдийн засаг таван хувь хүрвэл Монгол Улсын эдийн засгийн өсөлт долоон хувь болно гэж тооцоолж байгаагаа Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлээд байна.
БНХАУ нь Монгол Улсын худалдааны томоохон түнш бөгөөд эдийн засгийн сэргэлт нь Монголд эерэг нөлөөтэй байна гэж “BOAO” форумын хэлэлцүүлгийн үеэр тэрбээр мэдээллээ.
2023 оны эхний хоёр сард БНХАУ-ын эдийн засаг сэргээд байна. Энэ онд тав орчим хувийн өсөлттэй байна гэдэгт эдийн засагчид санал нэгтэй байгаа юм.
Монгол Улсын эдийн засгийн идэвхжил 2022 оны IV улиралд хүлээлтээс өндөр байхад БНХАУ-ын Covid-19-ийг Үл тэвчих бодлогын арга хэмжээгээ сулруулж, эрчим хүч болон худалдааны салбараас бусад салбарын идэвхжил хүлээлтээс өндөр гарсан нь нөлөөлжээ.
Мөн хилийн хязгаарлалт суларч, уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөсөө сайжрах төлөвтэй байгааг Монголбанк мэдээлж байсан юм.
Хэдий тийм боловч дотоодын шинжээчид дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2023 оны I улиралд дунджаар 3.9 хувь, хамгийн ихдээ 6.8 хувь, багадаа 1.0 хувьтай байхаар төсөөлж байгаа бөгөөд цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэн 2023 оны эцэст өнөөгийн түвшинд (4.7 хувь) хүрнэ гэж таамаглаад байгаа юм.