
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын цахим худалдааны тэргүүлэгч "Alibaba Group" 220 тэрбум ам.долларын бизнесээ зургаан нэгжид хуваах төлөвлөгөөгөө зарласны дараа тус компанийн АНУ-д бүртгэлтэй хувьцаануудын ханш мягмар гарагт 14.3 хувийн өсөлттэй хаагдаж, нэгж тус бүр нь 98.40 ам.доллар хүрчээ.
"Alibaba Group"-ийн үйл ажиллагаа цахим худалдаанаас медиа, үүлэн технологи зэргээр өргөжих бөгөөд шинэ нэгжүүд тус тусдаа санхүүжилт татаж, яваандаа бүгд IPO гаргах аж. Тус компанийн энэхүү алхам нь улсынхаа технологийн аваргуудын эсрэг арга хэмжээ аваад буй БНХАУ-ын зохицуулах байгууллагуудын хатуу бодлогыг намжаах зорилготой бөгөөд цаашид шахалтад орсон бусад томоохон компаниудын дагах жишээ болох боломжтойг шинжээчид онцолж байна.
Холдинг компанийн бүтцэд шилжих нь БНХАУ-ын томоохон технологийн компаниудад ховор тохиолддог үзэгдэл бөгөөд бусад компаниудад бүтцийн өөрчлөлтийн загвар болох бололцоотой аж.
БНХАУ-ын Засгийн газар цахим платформууд, ялангуяа "Alibaba" болон “Tencent”-ийн үзүүлж буй нөлөөг шүүмжилж, компаниудын бизнесийн чиглэл, шийдвэр гаргах эрх мэдлийн төвлөрлийг бууруулахаар зорьж байв. Харин бүтцийн өөрчлөлт хийснээр зохицуулагч байгууллагуудын дэмжлэг авах боломжийг олгоно гэсэн үг юм.
"Alibaba Group"-ийн Гүйцэтгэх захирал Даниел Жан шинэ бүтцэд шилжсэний дараа толгой компаниа үргэлжлүүлэн удирдахын зэрэгцээ үүлэн тооцооллын хэлтсийг хариуцахаар болсон нь тус технологи ойрын хугацаанд хиймэл оюун ухаан цахим худалдааны тэргүүлэх чиглэл болж буйг илтгэж байна.