
Зургийг: С.Батсайхан
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсад нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг “SouthGobi Resources” компани 2023 оны хагас жилийн аудитлагдаагүй тайлангаа танилцууллаа.
2023 оны II улиралд үйл ажиллагааны алдагдал нь 40.5 сая ам.доллар болсон. Зах зээл сэргэж орлого нэмэгдсэн ч алдагдалтай ажиллахад Монголын татварын тодорхойгүй, тогтворгүй орчин нөлөөлсөн гэж үзсэн байна. Монголын татварын албанаас тус компанийн төлсөн АМНАТ, агаарын бохирдлын төлбөр зэрэгт үндэслэн 75 сая ам.долларын торгууль тавьсныг тайландаа дурджээ.
2023 оны наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар “SouthGobi Resources” компанид шүүхийн зарга байхгүй байгаа ч цаашид татварын албатай тохиролцоонд хүрч чадахгүй байх зэрэг хүндрэл үүсвэл дампуурал зарлах эрсдэлтэйг тайландаа дурдсан байна.
Үүнээс өмнө Монголд зэс, алтны хайгуулын "Хүрэл үнэг" төсөл хэрэгжүүлж буй "Kincora Copper" компани Татварын ерөнхий газраас ногдуулсан 2.7 тэрбум төгрөгийн татварын асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд хандахаар бэлтгэж байгаагаа гуравдугаар сард мэдэгдэж байв.
"SouthGobi Resources" компани 2022 оны эцсээр олборлолтоо эргэн сэргээж, 2023 оны дөрөвдүгээр сараас нүүрс угаах үйл ажиллагаагаа эхэлсэн. Зах зээлийн эрэлтээс шалтгаалан өөр өөр чанарын нүүрсийг хольж, боловсруулсан бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд нийлүүлж байгаа аж.
2022 оны II улиралд тонн нүүрсийг 66.6 ам.доллароор худалдаж байсан бол БНХАУ-ын зах зээлийн нөхцөл байдал сайжирснаар 2023 оны II улиралд 95.3 ам.доллар болж, үнэ нь нэмэгдээд байгаа юм.