БНХАУ III улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээ даваа гарагт танилцуулах товтой байсан ч тодорхой бус шалтгаанаар хойшлуулсан нь хөрөнгө оруулагчдын дунд тодорхойгүй нөхцөл байдал бий болгоод байна.
БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо эдийн засгийн гол статистик үзүүлэлтийг танилцуулах хуваарийг хойшлуулах шийдвэрээ ердөө нэг өдрийн өмнө мэдэгдсэний зэрэгцээ шалтгааныг нь тодорхой болгоогүй, шинэ тов зарлаагүй нь Коммунист намын их хурал давхцаж буйтай холбоотой гэж шинжээчид үзжээ.
Гэнэтийн байдлаар тайлангийн хуваарийг ийнхүү хойшлуулсан нь "сайны дохио биш” гэж “Standart Bank Group”-ийн БНХАУ-ыг хариуцсан Ахлах эдийн засагч Жереми Стивенс онцоллоо. “Хэдий тийм боловч одоо болж буй үйл явдлын ач холбогдлыг харвал үүнд гайхах зүйлгүй. Хамгийн ихээр анхаарал татаж буй хурлын үр дүнгийн мэдэгдэл дээр хүмүүс 24 цагаар ажиллаж байна” хэмээн нэмж дурдсан байна.
III улирлын тайланд дотоодын нийт бүтээгдэхүүнээс гадна үйлдвэрлэлийн сарын гарц, эрчим хүчний үйлдвэрлэл, үндсэн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн санхүүжилт болон борлуулалт, жижиглэн худалдаа, орон сууцны үнэ зэрэг бусад чухал үзүүлэлтүүд багтах юм.
Дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд бараг өсөлт үзүүлээгүй БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн III улиралд сэргэнэ хэмээн “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчид тооцоолсон байна.