
“Turquoise Hill Resources” компани санхүүгийн жилийн алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 150 мянгаас 170 мянган унц байсныг нэмэгдүүлж, 165 мянгаас 185 мянган унц болголоо. Харин зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 110 мянгаас 150 мянган тонн байлгахаар хэвээр үлдээсэн байна.
Энэхүү шинэ төлөвлөгөөндөө III улирлын үзүүлэлтийг ерөнхийд нь шингээжээ. Тухайлбал: эрдсийн агууламж харьцангуй өндөр байсан байна.
III улиралд 36.3 мянган тонн зэс, 42.7 мянган унц алт бүхий баяжмал гарган авсан гэж урьдчилан тооцоолжээ.
Хөрөнгийн зардлын үзүүлэлтийг харвал 2022 онд гүний уурхайд 1.1 тэрбумаас 1.3 тэрбум ам.долларын зардал гаргана гэж тооцоолж байсан бол бууруулж 1-1.1 тэрбум ам.доллар болгосон байна. Үүнд барилгын ажлын бүтээмж, нөөц нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж онцоллоо.
Харин өмч, үйлдвэр, тоног төхөөрөмж зэрэг гадаргын үйл ажиллагааны зарцуулалт 140 саяас 170 сая ам.доллар болох хэвээр байна гэж тооцоолжээ.
Мөн 2022 оны нийт мөнгөн зардал 850 саяас 925 сая ам.доллар байна гэж тооцоолж байснаас интервалын дээд, доод хэмжээг таван сая ам.доллароор нэмэгдүүллээ. Мөнгөн зардал нэмэгдэхэд чухал шаардлагатай биш үйл ажиллагаанууд хойшилсон, мөн инфляцын нөлөө, ялангуяа түлш, аммонийн нитратын үнэ өссөн нь нөлөөлсөн гэсэн байна.