УИХ-ын чуулганы хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг батлаад байна. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болох боломж бүрдэж байгаа юм. Мөн зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчдыг найдвартай мэдээллээр хангах, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх олон талын ач холбогдолтойг салбарын яам мэдээллээ.
Хууль ирэх оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Үүнээс өмнө хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Засгийн газраас түр журам гаргаж, ирэх оны хоёрдугаар сараас эхлэн нүүрсийг цахимаар арилжихаар болоод байна.