
Зургийг: Сонжун Чо/Bloomberg
Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос аялал жуулчлалыг дэмжихээр гадаадын жуулчдад татварын буцаан олголт өгөх төлөвлөгөө баталлаа.
Мөн энэ оноос цахим виз олгохыг зөвшөөрч, жуулчдад хилээр нэвтрэхэд тавих цар тахалтай холбоотой шаардлагаа цуцалсан байна. Тэрбээр 2024 оноос эхлэн татварын буцаан олголтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зарлиг буулгахаа мөн мэдэгджээ.
Цар тахлын өмнөх үед жилд найман сая жуулчин хүлээн авдаг байсан Филиппин улсад 2022 онд нийт 2.6 сая жуулчин ирсэн бөгөөд энэ онд тус улс 4.8 сая жуулчин хүлээн авахыг зорьж байгаа аж.
Филиппин улсын Засгийн газар тус улсад худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ 12 хувийн НӨАТ авдаг.
Аялал жуулчлалын салбарыг сэргээх зорилтын хүрээнд аялал жуулчлалын компаниуд жуулчдад НӨАТ буцаан олгох, тус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нисэх онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос энэ оноос эхлэн БНХАУ, БНСУ, Японы жуулчдад цахим виз олгохыг зөвшөөрөхөө мэдэгджээ.