Зургийг: AFP
Тавдугаар сард Европын Холбооны нарны цахилгаан үүсгүүрээр үйлдвэрлэсэн эрчим хүчний хувь хэмжээ анх удаа нүүрсний цахилгаан станцуудынхаас илүү гарсан нь тус бүсийн цэвэр эрчим хүчний шилжилтэд томоохон амжилт боллоо. Тэр дундаа эрчим хүчний үйлдвэрлэл оргилдоо хүрдэг зуны нарлаг өдрүүд эхлэхээс ч өмнө энэхүү түвшинд хүрсэн нь онцлог болж байна.
Хэдийгээр энэхүү хурдацтай тэлэлт нь шатах түлшийг халах хүчин чармайлтад гол хөдөлгөгч хүч болж буй ч үүний хажуугаар эрчим хүчний систем дэх нэгэн сул талыг ил болгосон нь тухайн сарын хамгийн нарлаг өдрүүдэд үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээ огцом өсөж, эрэлт нийлүүлэлтийн хэт зөрүү бий болгосны улмаас цахилгааны үнэ хасах утга руу орж байсан явдал юм. ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ хумьснаас үүдэлтэй өнгөрсөн оны эрчим хүчний хямралд нарны эрчим хүч хялбар бөгөөд шуурхай шийдэл болж чадсан ч уг технологи нь эрэлт ерөнхийдөө бага байдаг зуны саруудад л хамгийн тохиромжтой нь гол сорилт болохоор байна. Өөрөөр хэлбэл эрчим хүч хуримтлуулах систем шөнийн цагаар цахилгаанаар хангах, өвлийн улиралд орон сууцны халаалтыг шийдэх хэмжээнд хүрч хөгжих болоогүйг илтгэж байгаа юм.
Нарны эрчим хүчний тэсрэлт, мөн түүний тохируулгатай холбоотой эрсдэлүүдийг хамгийн тод томруун харж болох газар нь Нидерланд улс болжээ. Тус улсын 100 мянган оршин суугч тутамд 100 мегаваттын нарны цахилгаан үүсгүүр ногдож байгаа нь "нарлаг" хэмээх тодотголтой Испаниас хоёр дахин, нарны цахилгаан станцын нийт хүчин чадлаар тасархай тэргүүлдэг БНХАУ-аас гурав дахин өндөр үзүүлэлт юм.
Нидерланд нарны цахилгаан үүсгүүрийн дэлхийн хамгийн нягт сүлжээтэй болсон нь Засгийн газраас удаан хугацаанд үзүүлж буй дэмжлэгтэй ихээхэн холбоотой. Засгийн газрын санаачилсан хөтөлбөрөөр нарны хавтан суурилуулсан өрхүүдэд хэрэглээнээс давсан ватт тус бүрд нь нөхөн төлбөр тооцож олгох замаар урамшуулдаг аж.
"Хэрэв наргүй бүрхэг үед угаалгын машин ажиллуулах, эсвэл автомашинаа цэнэглэлээ гэхэд цахилгааны төлбөрт санаа зовох шаардлагагүй. Учир нь эрчим хүчний компани төлбөрийг нь хийчихнэ" хэмээн тус улсын эрчим хүчний шугам сүлжээний оператор "TenneT" компанийн төлөөлөгч Иоррит Де Ионг онцолжээ.
Хэдий тийм боловч Нидерландын Засгийн газар 2025 оноос эхлэн энэхүү системд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Шинэ журмын дагуу эрчим хүчний сүлжээнд илүүдэл эрчим хүчээ буцаан өгсөн өрхүүдийн цахилгааны жилийн төлбөрөөс тэр дүнг нь суутган хөнгөлөхөөр болсон аж.
Салхи, ус, газрын гүний дулааны эрчим хүчтэй харьцуулбал нарны эрчим хүч нь суурилуулахад хялбар, шуурхай гэдгээрээ гол давуу талтай ч эрэлт, нийлүүлэлтийн хооронд зөрүү үүсэх шинж тэмдэг аль хэдийн ажиглагдаж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Германы нарны цахилгаан станцуудын үйлдвэрлэл бүх цаг үеийн дээд түвшинд хүрснээр эрчим хүчний үнэ хасах утга руу орсон нь үүний нэг жишээ юм. Үнийн хэлбэлзэл улам нэмэгдэх, мөн оргил үйлдвэрлэлийн үед үнэ бага болон хасах түвшинд хадгалагдах нь цаашид сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтад эрсдэл учруулах магадлалтайг Европын нарны эрчим хүчний томоохон компаниудын нэг “Sonnedix”-ийн Гүйцэтгэх захирал Аксель Тиманн онцолж байна.