
Цар тахалтай холбоотой хилийн хязгаарлалт үргэлжилсэн хоёр жилийн хугацаанд Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудал гэсэн байр сууриа Катарт алдаад байсан Сингапурын "Changi" нисэх буудал энэ онд тэргүүн байраа буцаан авчээ.
Азийн агаарын тээврийн зангилаа гэгддэг тус нисэх буудал "Skytrax" компаниас гаргасан "World Airport Awards 2023" жагсаалтад Дохагийн "Hamad" нисэх буудлыг гүйцэн нэгдүгээрт бичигдсэн бол Токиогийн "Haneda" гуравдугаарт, Сөүлийн "Incheon" дөрөвдүгээрт орсон байна.
Эхний 10 байрт АНУ-ын нэг ч нисэх буудал багтаагүй нь анхаарал татсан байна. Өнгөрсөн оны жагсаалтаас нэг байр ахиж, тавдугаарт бичигдсэн Парисын "Charles De Gaulle" Европын хамгийн өндөр үзүүлэлттэй нисэх буудлаар тодорч байгаа бол 27 дугаар байраас 18 дугаар байр руу урагшилсан Сиэтлийн "Tacoma" нисэх буудал Хойд Америкт тэргүүнээр эрэмбэлэгдэж байна. Харин өнгөрсөн оныхоос 26 байраар урагшилж, 31 дүгээрт бичигдсэн БНХАУ-ын Шэньжэний нисэх буудал ахиулсан амжилтаараа жагсаалтад багтсан бүх нисэх буудлыг илүүрхжээ.
""Changi" нисэх буудал 12 дахь удаагаа дэлхийн шилдэг нисэх буудлаар тодорсон нь нэр төрийн хэрэг боллоо. Энэхүү шагнал нь сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын сорилтуудыг давахаар хамтдаа тэмцсэн агаарын тээврийн салбарынханд маш том урам зоригийг өгч байна" хэмээн "Changi Airport Group"-ийн Гүйцэтгэх захирал Ли Сиоу Хианг онцоллоо.
"Skytrax" нь дэлхийн шилдэг нисэх буудлуудыг тодруулахдаа хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг гол үзүүлэлтээ болгодог байна.
2023 оны Дэлхийн шилдэг нисэх буудлуудын жагсаалтын эхний 20 байр
1. Сингапурын “Changi” нисэх буудал
2. Дохагийн “Hamad” нисэх буудал
3. Токиогийн “Haneda” нисэх буудал
4. Сөүлийн “Incheon” нисэх буудал
5. Парисын “Charles de Galle” нисэх буудал
6. Истанбулын нисэх буудал
7. Мюнхены нисэх буудал
8. Цюрихын нисэх буудал
9. Токиогийн “Narita” нисэх буудал
10. Мадридын “Barajas” нисэх буудал
11. Венийн нисэх буудал
12. Хельсинкийн “Vantaa” нисэх буудал
13. Ромын “Fiumicino” нисэх буудал
14. Копенгагены нисэх буудал
15. Канзайн нисэх буудал
16. Нагоягийн “Centrair” нисэх буудал
17. Дубайн нисэх буудал
18. Сиэтлийн "Tacoma" нисэх буудал
19. Мельбурны нисэх буудал
20. Ванкуверын нисэх буудал