Канад улсын Худалдааны сайд “First Quantum Minerals” компанийн зэсийн төсөлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх зорилгоор Панам улсын Худалдааны сайдтай яриа хэлэлцээ хийж эхэлснийг ням гарагт албаны эх сурвалж мэдээлжээ. “First Quantum Minerals” нь Панам дахь “Cobre Panama” зэсийн уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд тус улсын Засгийн газарт төлөх ёстой татварын хувь хэмжээний асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа аж.
Панам улсын зүгээс тус компанийн төлөх ёстой татварыг жилийн 375 сая ам.долларт хүргэхийг зорьж байгаа юм. Улмаар хоёр тал эдээрх асуудлаар тохиролцоонд хүрээгүй тул Панам улсын Засгийн газар 12 дугаар сарын 15-нд “Cobre Panama” зэсийн уурхайн үйл ажиллагааг зогсоох тушаалыг компанид өгсөн байна.
Канадын Худалдааны сайд Мэри Ын долоо хоногийн өмнө Панамын Худалдаа, аж йлдвэрлэлийн сайд Федерико Алфаротой ярилцсан бөгөөд түүнээс хойш хоёр тал энэ асуудлаар байнга холбоотой байгааг эх сурвалж мөн мэдээллээ.
“Cobre Panama” уурхай нь Төв Америкийн Панам улсын хамгийн том хувийн хөрөнгө оруулалт гэж тооцогддог бөгөөд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 3.5 хувийг бүрдүүлдэг байна.
“First Quantum Minerals” энэ оны эхний есөн сард “Cobre Panama” уурхайгаас 2.29 тэрбум ам.долларын орлого олсноо тайландаа дурджээ. Мөн төслийн 20 хувийг эзэмшдэг “Korea Panama Mining Corp”-тай хамтарсан компани хэлбэрээр олборлолтын үйл ажиллагаа явуулдаг аж.