logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Хүүхдүүдээ Харвардад оруулах хүсэлтэй чинээлэг эцэг, эхчүүд $750 мянгаар зөвлөх үйлчилгээ авч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 18 17:00
    1743

    Зургийг: Lila Barth/Bloomberg

    24/7 цагийн сургалт, хүүхэдтэй тулж ажиллах арга барил бүхий дээд зэрэглэлийн зөвлөх үйлчилгээ их сургуульд элсэх өрсөлдөөнийг дараагийн түвшинд аваачиж байна

    Хүүхдээ Харвард юм уу Иелийн их сургуульд найдвартай оруулахад хэр их мөнгө хэрэгтэй вэ? Кристофер Римийн хариулт бол 750 мянган ам.доллар.

    Энэ бол долоодугаар ангиасаа эхлэн их сургуульд элсэх бэлтгэлээ хангах хүсэлтэй хүүхдэд өгөх Римийн зөвлөгөөний хөлс бөгөөд тэрбээр “Ivy League”-ийн сургуулиудад хүссэн ангидаа орох чадварт сургах юм. Төлбөрийн хэмжээ нь тухайн найман элит сургуулийн аль нэгт элсэн орж суралцахаас хоёр дахин өндөр үнэ аж.

    Хэдий тийм боловч төлбөрийн чадамжтай эцэг эхчүүдэд Рим болон түүний Нью-Йорк хотод төвтэй “Command Education” компанийн ажилтнууд дээд зэрэглэлийн тусгай үйлчилгээгээр хүүхдийг нь их сургуульд бэлтгэх аж. Хэрэв онц сурлагатан байвал “менторууд” тэднийг улам ахиулж, хичээлдээ хоцорсон байвал шаардлага тавина. Түүнчлэн “B+” эсвэл “A”- дүнтэй сурагчдыг нэмж сайжруулан, хичээлээс гадуурх үйл ажиллагааг ч төлөвлөж, ахлах ангийн түвшний CV-ийг “Princeton” Их сургуулийн хэмжээнд хүргэнэ гэжээ.

    Элит их сургуулиудад хэзээнээсээ л чинээлэг айлын хүүхдүүд суралцсаар ирсэн. Харин элсэлтийн өрсөлдөөн ширүүссэнээр өдгөө өргөдөл гаргагчдын ердөө гурван хувь нь л Харвардад тэнцэж байгаа аж. Харин “ультра-чинээлэг” өрхүүд хамгийн шилдэг сургуулийн төлөө ямар ч үнийг төлөхөд бэлэн байна. Энэ бол шинээр дэлгэрч буй дээд зэрэглэлийн элсэлтийн зөвлөх үйлчилгээ бөгөөд тэд үйлчлүүлэгч нараа мөрөөдлийн сургуульд нь оруулах баталгаа өгдөг ажээ. Бүгдийг нэг дор багтаасан энэхүү үйлчилгээ хүүхдүүдийг ахлах ангид орохоос нь ч өмнө элсэлтэд бэлтгэх боломжтой юм. Төлбөр нь заримдаа зургаан оронтой дүнгээр ч хэмжигддэг байна.

    “Үйлчлүүлэгчид маань нэлээн туршлагатай бизнес эрхлэгчид болон гэр бүлүүд байдаг. Төлбөр ямар байх нь тэдэнд сонин биш. Хүүхдүүд нь ямар нэг ажил, сургуульд ороогүй байлаа ч бидний олонхоос дээгүүр амьдарна. Бидний хувьд амьдрал ахуй сайтай оюутнуудад тодорхой зорилго бий болгож өгч байгаа юм” хэмээн 28 настай Рим онцолж байлаа. 

    Чинээлэг айлууд хүүхдүүддээ шинэлэг бүхнийг авч өгөхийг эрмэлздэг нь байдаг л зүйл. Гэхдээ дээд зэрэглэлийн зөвлөх үйлчилгээний шинэ салбар цэцэглэсэн нь  хүмүүс элит их сургуулиудад элсэхийн тулд юуг ч хийдгийн тод томруун жишээ болж байна. 

    Мэдээж энэхүү бизнес бий болох суурь шалтгаан нь элит сургуулиудад тэнцэх болов уу гэсэн улигт айдас. Их сургуулийн элсэлтийн үйл явц сүүлийн жилүүдэд улам л ярвигтай болж, тэнцдэг оюутны тоо ч эрс цөөрсөн. Харин эцэг, эхчүүд хүүхдүүддээ давуу байдал бий болгохын тулд аливаа арга саамыг эрэлхийлдэг болжээ. Хэдийгээр сая сая оюутнууд сургалтын зээлийн өрөнд баригдаж, их, дээд сургуулийн өндөр төлбөрийн талаар маргаж мэтгэлцэх нь нэмэгдсээр байхад ч “Ivy League”-ийн сургуульд (эсвэл цөөн хэдэн шилдэг сургуульд) тэнцэх нь чинээлэг оюутнууд болон тэдний гэр бүлийн хувьд нийгмийн байр суурийг нь илтгэх чухал бэлгэ тэмдэг болдог аж. 

    Хэдий тийм боловч дээд зэрэглэлийн элсэлтийн зөвлөх үйлчилгээ үнэхээр үнэндээ таарсан үр ашигтай юу гэдэг дээр хүн бүр санал нийлэхгүй байна. “Independent Educational Consultants Association”-ийн мэдээлж буйгаар 2800 орчим үйлчлүүлэгчтэй тус байгууллагад элсэлтийн зөвлөх үйлчилгээний дундаж төлбөр 6700 ам.долларын үнэтэй байдаг. Үүнд аравдугаар ангиас их сургуульд элссэн бичиг авах хүртэлх бүхий л үйл явц хамрагддаг аж. 

    Тус байгууллагын тэргүүн Марк Скларов дээрх бизнесийг ботокстой адилтгасан юм. “Мэдээж та тансаг гоо сайхны газарт олон мянган ам.доллар төлөөд үрчлээгээ арилгуулж болно. Эсвэл та тийм ч тансаг биш газар хэдэн зуун ам.доллар төлөөд ижил үйлчилгээг авч болно. Ботокс хаа ч ботокс л байна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. 

    “Хэрэв та элит маягийн дээд зэргийн үйлчилгээ авах хүсэлтэй бол тэр таны л сонголт. Элсэлтийн зөвлөх үйлчилгээ авахад хагас сая доллар төлсөн ч 8000 ам.доллар төлсөн ч нэг их ялгаа гарахгүй” гэж тэрбээр онцолж байлаа. 

    18 настай, коллежийн нэгдүгээр курсийн оюутан Мэт Суэскун үүнтэй санал нэг байна. Тэрбээр интернэт дэх үнэгүй эх сурвалж, мөн 25 ам.долларын “SAT”-ийн шалгалтад бэлдэх номыг ашиглаж 21 сургуульд элсэлтийн өргөдлөө илгээснээс аравт нь тэнцсэн хариу авчээ. 

    Түүний гэр бүлд их сургууль төгссөн нэг ч хүн байхгүй. Эцэг нь ч тэр, эх нь ч тэр коллежид сурч байгаагүй. Мэт Суэскун өндөр үнэтэй зөвлөх үйлчилгээ аваагүй нь мэдээж. Гэсэн ч хүү Харвардын их сургууль байрладаг Массачусеттс мужийн Кэмбриж хотыг зорьж байна. “Эцсийн дүндээ Харвардад элссэн маань надад аз л тохиосон хэрэг” хэмээн тэрбээр онцолж байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих