Даваа гарагийн өглөө ОХУ-ын арми Украины нийслэлд “Камиказэ” дроны цохилт өгсний улмаас хотын төв хэсэгт багадаа гурван удаа дэлбэрэлт болсныг тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак мэдээллээ.
Дронд өртсөн орон сууцны хэд хэдэн барилгуудын хана цуурч, нэг барилгад гал гарсныг Киев хотын дарга Виталий Кличко “Телеграм” хуудастаа онцолсон байна.
ОХУ-ын Иранаас авсан гэгдэж буй “Камиказэ” төрлийн дрон нь цохилт өгөх байршлаа тогтоох хүртлээ хэдэн цагийн турш агаарт эргэлддэг онцлогтой.
Үүнээс долоо хоногийн өмнө ОХУ-аас Киев хот руу пуужин харваж, улмаар Украины хот сууринуудыг чиглэсэн агаарын довтолгоо хэдэн өдрийн турш үргэлжилснээр 19 иргэн амиа алдаад байна.
Баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Украин дахь тогтоосон байнуудынхаа ихэнхийг устгаж чадсан тул дахиж томоохон цохилт өгөх шаардлагагүй болсон” гэсэн юм. Мөн “Украиныг устгах нь ОХУ-ын зорилго байгаагүй бөгөөд агаарын цохилт өгөх нь цаг үеэ олсон шийдвэр байсан”-ыг тэрбээр тодотгожээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин