
III улирлын эцсийн дүнгээр мөнгөний нийлүүлэлт 27.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.9 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
2022 он гарсаар мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлөхүйц хэд хэдэн шийдвэр гараад байна. Тухайлбал: бодлогын хүүг дөрвөн удаа нэмэгдүүлж, оны эхэн үед баримталж байсан зөөлөн бодлогыг чангаруулж, 12 хувьд хүргэсэн юм.
2021 оны эцсийн дүнгээр бодлогын хүү зургаан хувь байх үед мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт нь 14.8 хувьтай байсан бол үүнээс хойш тасралтгүй саарсан дүр зурагтай байна.
Энэ дундаа төгрөгийн хадгаламж сарын 2.3 хувь, жилийн 17.9 хувийн бууралттай байгаа юм. Өөрөөр хэлбэл төгрөгийн өгөөж буурснаар иргэд бусад хэлбэрээр хөрөнгөө байршуулах хандлага нэмэгдсэнийг банк, санхүүгийн салбарынхан онцолж байна.
Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал үргэлжлэн өсөж байгаа нь мөнгөний нийлүүлэлтэд эзлэх дотоод цэвэр активын хэмжээ өсөж, гадаад цэвэр актив буурахад нөлөөлснийг эдийн засагчид онцолж байна.
Есдүгээр сарын эцсийн статистик мэдээллээр төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 5.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар, валютынх 4.1 их наяд болж, 89.4 хувиар өссөн нь мөнгөний нийлүүлэлтийн жилийн 0.8 хувийн өсөлтийг бүрдүүлжээ.