logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Walt Disney” 7000 ажлын байраа танах зорилготой цомхотгол эхлүүллээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 28 16:40
    190

    Зургийг: David Ryder/Bloomberg

    Ажлын байрны цомхотголын эхний ээлжид “Hulu” болон “Freeform” сүлжээний үйлдвэрлэлийг удирдаж байсан хоёр дэд захирал багтжээ

    “Walt Disney” компани өнгөрсөн хоёрдугаар сард зарласан 5.5 тэрбум ам.долларын төсвийн хэмнэлтийн бодлогын гол хэсэг болох 7000 ажлын байраа цомхотгох ажлаа эхлүүлжээ.

    Тус компанийн Гүйцэтгэх захирал Боб Айгер даваа гарагт ажилтнууддаа илгээсэн санамж бичигтээ цомхотголын эхний ээлжид хамрагдаж буй ажилтнуудыг ирэх дөрвөн өдрийн дотор мэдэгдэнэ гэсэн байна. Харин дөрөвдүгээр сард хоёр дахь цомхотголыг хийх бөгөөд энэ нь хэдэн мянган ажилтнуудыг хамрах төлөвтэй байна. 

    15 жил удирдсан компанидаа өнгөрсөн оны 11 дүгээр  сард  эргэн ирсэн Боб Айгер дэлхийн хамгийн том энтертайнмент компанийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулах төлөвлөгөөгөө гаргаад байгаа аж. Тэрхүү төлөвлөгөөний гол зорилтуудын нэг нь 12 дугаар сараар эцэслэгдсэн улиралд нэг тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээсэн “Disney Plus” бизнесийн ашигт үзүүлэлтийг сэргээх явдал юм.

    Боб Айгерийн удирдлага дор “Walt Disney” компани телевиз, киноны бизнест дистрибьюшн захирлуудыг тавьдаг зохион байгуулалтын бүтцийг устгаж байгаа аж. Энэ хүрээнд тэрбээр компанийнхаа телевизийн бизнесийг удирдаж буй Дана Уолден, кино студиүдийг удирддаг Алан Бергман зэрэг бүтээлч захирлуудад илүү их эрх мэдлийг олгосон байна.

    Ажлын байрны цомхотголын эхний ээлжид “Hulu” болон “Freeform” сүлжээний үйлдвэрлэлийг удирдаж байсан хоёр дэд захирал багтсан ба тэдний ажлыг телевизийн хэлтсийн өөр хэсэгт нэгтгэх болжээ. Нэмж дурдахад телевизийн нэвтрүүлэгт зориулж ном, подкаст болон бусад өгүүллэгийн лиценз олгодог нэгжийг татан буулгасан байна.

    Энэхүү цомхотгол нь хөгжөөнт парк, ESPN спортын сүлжээ зэрэг компанийн бүх хэсэгт явагдах төлөвтэй байна. “Walt Disney” компани аравдугаар сарын нэгний байдлаар дэлхий даяар 220 мянга орчим хүнийг ажлын байраар хангаж  байна. Ойролцоогоор 25 хувь нь цагийн болон улирлын чанартай ажилтнууд байгаа аж.

    "Цомхотголд хамрагдаагүй ажилтнуудын хувьд биднийг амжилттай урагшлах боломж олгох бүтэц, чиг үүргийг үргэлжлүүлэн барих нь цаашид тулгарах бэрхшээл саадыг давах гарц болно” гэж Боб Айгер дурджээ.

    Боб Айгер өнгөрсөн хоёрдугаар сард хэлэхдээ зорилтот зардлынхаа гурван тэрбум орчим ам.долларыг кино, телевизийн шоуны төсвөөс, үлдсэнийг нь үйл ажиллагааны зардлаа бууруулж бүрдүүлнэ гэжээ. Үүнээс  нэг тэрбум орчим ам.долларын хэмнэлт аль хэдийн бүрдэж эхэлсэн мэдэгдсэн байна.

    Даваа гарагт “Walt Disney”-ийн нэгж хувьцааны ханш 1.6 хувиар өсөж, 95.62 ам.доллар болжээ. Харин 2022 онд хувьцааны ханш нь 44 хувиар унасан нь хоёр дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлт болж байв.

    Cэтгэгдэл бичих