Саудын Араб улс гол импортлогч нь болох Ази, Европын зах зээлд газрын тосны үнээ хямдруулсан нь улс орнуудын эдийн засаг удааширч, БНХАУ-д Covid-19-ийн халдварын тархалт эрс нэмэгдсэнээс шалтгаалан эрэлт сул түвшинд хадгалагдсан хэвээр байгааг илтгэж байна.
Брент төрлийн түүхий газрын тосны фьючерс үнэ долоодугаар сард баррель нь бараг 125 ам.доллар хүрч байсан бол одоогоор 80 ам.доллар орчимд хэлбэлзэж, энэ долоо хоногт л гэхэд дахин 7.5 хувиар унасан байна. Бодлогын хүүгийн өндөр түвшин ам.долларын ханш чангарсантай хосолсноор АНУ, Европ, БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд эрчим хүчний хэрэглээ буураад байна. Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева “Энэ онд дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орохоор байгаа”-г онцолж байсан юм.
Саудын Арабын Төрийн өмчит “Saudi Aramco” компани хоёрдугаар сард Азийн орнуудад нийлүүлэх бүх төрлийн боловсруулаагүй газрын тосныхоо үнийг бууруулжээ. Тус компанийн гол бүтээгдэхүүн “Arab Light” төрлийн газрын тос болон бүс нутгийн жишиг үнийн зөрүү баррель тутамд 1.80 ам.доллар болж буурсан нь 2021 оны 11 дүгээр сараас хойших доод түвшин болсон байна.
Мөн “Saudi Aramco” баруун хойд Европ, Газар дундын тэнгисийн бүсэд хүргэх газрын тосныхоо үнийг хямдруулсан бол АНУ-ын зах зээлд үнийг хэвээр үлдээсэн аж.
Саудын Араб улс түүхий газрын тосны нийт экспортынхоо 60 хувийг Ази руу урт хугацааны гэрээтэйгээр гаргадаг бөгөөд сар бүр үнэ ханшдаа хяналт хийдэг. Энэ хүрээнд тус улсын хийсэн алхмыг Ирак, Кувейт зэрэг Персийн булангийн газрын тос олборлогч бусад орнууд дагах хандлагатай байдаг юм.