
Зургийг: Andrew Harrer/Bloomberg
Олон Улсын Валютын Сан ирэх онд дэлхий дахинд инфляцын түвшин өмнө таамаглаж байснаас өндөр байхыг анхааруулж, Төв банкнуудад мөнгөний бодлогоо чанга хэвээр хадгалахыг уриаллаа. Гурван сарын өмнөх таамагтаа ирэх онд дэлхийн хэмжээнд инфляц дунджаар 5.2 хувь байна гэж таамаглаж байсан бол 5.8 хувь болгож нэмэгдүүлээд байна.
Мөн ихэнх улсад 2025 он хүртэл инфляц Төв банкнуудын зорилтот түвшнээс дээгүүр байхаар байна гэж таамаглажээ.
Инфляц өмнө тооцоолж байснаас бага хэмжээгээр саарахаар байгаатай зэрэгцээд дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлтийн түвшнийг мөн бууруулсан байна. Нөгөө талаас Төв банкнууд эдийн засгийн уналтад хөтлөлгүйгээр инфляцыг чөдөрлөх боломжтой гэж дүгнэжээ.
Үүнээс гадна Олон Улсын Валютын Сан БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.2 хувиар өснө гэж үзэж байснаа таван хувь болгож буурууллаа. Харин 2024 онд 4.5 хувиар өснө гэж тооцоолсноо 4.2 хувь болгосон байна.