
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
БНСУ-ын прокурорууд өнгөрсөн онд 60 тэрбум ам.долларын хохирол үүсгэсэн “Terraform Labs” крипто төслийг бий болгоход оролцсон санхүүгийн технологийн энтрепренер Даниел Шинийг баривчлахаар ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногт “Terraform Labs”-ийн өөр нэгэн Үүсгэн байгуулагч Квон Ду Хён Монтенегрод баривчлагдаад байгаа бол даваа гарагт Сөүл хотын прокурорын газраас залилан мэхэлсэн, үүрэг хариуцлагаа зөрчсөн гэх үндэслэлээр Даниел Шинийг баривчлах зөвшөөрөл хүссэн байна.
Түүнчлэн БНСУ болон АНУ-ын 2022 оны тавдугаар сард алгоритмын тогтвортой койн болох “TerraUSD” болон “Luna” токентой холбоотой хэргийг шийдвэрлэхийн тулд Квон Ду Хёныг шилжүүлэн өгөх хүсэлтийг Монтенегро улсад гаргажээ. “Terraform Labs”-ийн дампуурал нь крипто зах зээл дэх хямралын давлагааг өдөөж, виртуал хөрөнгийн нийт үнэлгээ хоёр их наяд ам.доллароор буурахад нөлөөлсөн байна.
Даниел Шинийн өмгөөлөгчид түүнийг 2020 онд “Terraform Labs”-аас хамааралгүй болсон бөгөөд түүнээс хойш үйл ажиллагаанд нь оролцоогүй гэж өмнө нь мэдэгдэж байв. Өнгөрсөн оны 12 дугаар сард Шинийг оргон зайлах, эсвэл холбогдох баримт мэдээллээ устгах аюултай гэсэн үндэслэл бүхий прокурорын гаргасан баривчлах хүсэлтийг БНСУ-ын шүүхээс нотлох баримт хангалтгүй гэж үзэн буцааж байв.
Үүсгэн байгуулагч Квон Ду Хёны хувьд БНСУ-д түүнийг баривчлах шийдвэр гарсны дараагаас эрэн сурвалжилж байсан бөгөөд пүрэв гарагт баривчлагдах хүртэл түүний хаана байгаа нь тодорхойгүй байв. Тэрбээр хуурамч аяллын бичиг баримт ашиглан Дубай руу нисэхийг завдсан гэж Монтенегрогийн албаны хүмүүс мэдэгдсэн бол өмгөөлөгч нь өнгөрсөн амралтын өдөр үүнийг үгүйсгэсэн байна.
АНУ Квон Ду Хёныг залилангийн хэрэгт буруутгаж байгаа бол БНСУ хөрөнгийн зах зээлийн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.