
Зургийг: talkh-chikher.mn
“Талх чихэр” ХК 2022 онд 100.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оныхоос 25 тэрбум төгрөгөөр буюу 33 хувиар өссөн дүн болохыг тайлагналаа. Тайлант хугацаанд тус компанийн цэвэр ашиг 25 хувиар өсөж, 6.4 тэрбум төгрөг хүрчээ. Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн орлогод 5.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
“Талх чихэр” ХК өнгөрсөн онд дунджаар 30 мянга гаруй тонн нарийн боов үйлдвэрлэжээ. Энэхүү үзүүлэлт жил ирэх тусам өсөх хандлагатай байгааг онцолж байна. Тухайлбал: 44 нэр төрлийн талхыг 12 брэндийн нэрийн доор, 46 нэр төрлийн нарийн боовыг дөрвөн брэндийн нэрийн доор, мөн “Хотол” брэндийн 62 нэрийн бэйкери бүтээгдэхүүн, 32 гаруй нэрийн бялуу үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа аж.
Тус компани энэ онд бялууны төрлийн бүтээгдэхүүний шинэ тренд бий болгож, хэвтэй талхны шугамыг бүрэн автоматжуулан хүчин чадал болон нэр төрлийг 30-40 хувиар, давхраат болон хөөмөл бүтээгдэхүүний нэр төрлийг 50 хувиар, тавгийн идээний боовны нэр төрлийг 10 хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ажээ.
Мөн нарийн боовны үйлдвэрийн “Uniline”, “Unimax” шугамыг актлан, зах зээлээ хадгалж үлдэхийн тулд цаашид хөрөнгө оруулалт хийх, менежментийн үйл ажиллагааг авч явах чадамжтай компанитай хамтрахаар төлөвлөж байгаа юм байна.