
Зургийг: С.Батсайхан
НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санаачилгыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянга давснаар энэ саналыг судлах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан бол petition.parliament.mn дээр Нийгмийн даатгалын шимтгэл болон Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувиар бууруулах тухай саналыг дэмжсэн иргэдийн тоо мөн л 100 мянга даваад байна.
Урамшуулал төдий
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудал ажил хэрэг болбол өрхийн орлогод бага зэрэг нэмэртэй ч амьжиргаанд нөлөөлөх хэмжээний том өөрчлөлт авчрахгүй нь энгийн тооцооллоос харагдана. Тодруулбал: шинээр олгох дүн нэг иргэний сарын дундаж цалингийн хоёр хувьтай тэнцэх бол төсөв талаас жилд нэмэлтээр 450 тэрбум төгрөг төлөвлөх шаардлага үүсэхийг МҮХАҮТ-ын судалгаанд дурджээ.
Харин НӨАТ-ын одоогийн 10 хувийг бууруулж, босгыг нэмэгдүүлэх замаар татварын орчныг сайжруулбал иргэдэд ч, аж ахуйн нэгжүүдэд ч илүү өгөөжтэйг эдийн засагчид, бизнес эрхлэгчид онцолж байна.
Худалдааны компаниуд импортоор бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирэхдээ эхлээд НӨАТ төлж, дараа нь түүнийгээ борлуулалтын орлогод ногдуулсан НӨАТ-аас цуглуулж аваад үлдсэн хэсгийг нь төсөв рүү шилжүүлдэг зарчим одоо үйлчилж буй. Иймд буцаан олголтыг таван хувь болгож, түүгээрээ илүү их НӨАТ төвлөрүүлнэ гэж байгаа нь судалгаанд үндэслээгүй, аж ахуйн нэгжүүдэд нөлөө үзүүлэхгүй болохыг “Онч & Company”-ийн Үүсгэн байгуулагч Д.Ончинсүрэн хэлж байлаа.
Том зургаараа
Түр зуурын, аргацаасан шинжтэй энэ мэтийн арга хэмжээнүүд нь байнга яригддаг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудалд дорвитой ахиц гарахгүй байгаагийн нэг илрэл болж буйг бизнесийн салбарынхан шүүмжилж байна. Сүүлд л гэхэд бизнес эрхлэх орчин, эдийн засгийн орчны үзүүлэлт 2020 оныхтой харьцуулахад найман хувиар буурсныг МҮХАҮТ-ын Монголын бизнес орчны 2023 оны судалгааны урьдчилсан тайлан харууллаа.
Тодруулбал: инфляцын эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр, худалдаа, тээвэр, боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэх орчин дунджаас доогуур, харин аялал жуулчлалын салбарынх ахисан дүн гарсан байна. Ямартаа ч Засгийн газрын гишүүд хувийн хэвшилтэй хийсэн уулзалтын үеэр хувийн хэвшлийн талд эрх зүйн цогц шинэчлэл хийхэд ажлын хэсэг гаргаж, хамтран ажиллахаа Ерөнхий сайд мэдэгджээ.