
Монгол Улсын хувьд ногоон зээлийн үлдэгдэл нь банкны салбарын нийт зээлийн 1.4 орчим хувийг эзэлж байна. Энэ нь ногоон санхүүжилтийг дэмжих шаардлагатай байгааг харуулж байгаа аж.
Худалдаа, хөгжлийн банк тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах хүрээнд тогтвортой болон ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн харилцагчдадаа санал болгож тэдний тогтвортой үйл ажиллагаа, байгаль орчинд ээлтэй хэрэглээ, сонголтод анхааран ажиллаж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд банкнаас олгосон ногоон зээлийн багцын хэмжээ жилд дунджаар 27 хувиар өсөж, 52.5 тэрбум төгрөг хүрсэн үзүүлэлттэй байгаа юм. Үүнд Худалдаа, хөгжлийн банкны эзлэх хувь 16.7 хувьтай байна.
Худалдаа, хөгжлийн банк нь ногоон зээлийн хөтөлбөр, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн хөтөлбөрт нийт 71.2 тэрбум төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс тогтвортой санхүүжилтийн тусгай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байгаа юм.
Түүнчлэн тус банк нэг салбараа цаасгүй, цахим технологид суурилсан үйл ажиллагаатай болгосноо мэдээллээ.