
Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэх болон улс төрийн системийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар иргэдийн шүүмжлэлд өртөөд буй энэ үедээ халаа сэлгээ хийлээ. Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ Сайд нараа томилов.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Х.Булгантуяаг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, Хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг нарыг томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллах болно” гэдгийг онцлов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдах үеийн бүтцээс долоон сайд л ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Сайд нарын тоо нэмэгдсэний зэрэгцээ салбар салбарын яамдад 10 гаруй сайд солигджээ.
Үүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын дэд Сайдаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд Сайдын, “Таван толгой түлш” компанийн захирал асан М.Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд Сайдын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллаж байсан О.Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд Сайдын, Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд Сайдын, Эрүүл мэндийн сайд байсан С.Энхболдыг Эрүүл мэндийн дэд Сайдын албан тушаалд тус тус томиллоо.