logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Газрын тосны үнэ дахин өссөн нь OPEC-ийн гарцаа танах шийдвэртэй холбоотой эрсдэлийг нэмэгдүүлэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 09 12:00
    260
    Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 99.56 ам.доллар буюу сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрээд байна

    Газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар дөхсөн нь OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гарцаа танах маргаан дагуулсан шийдвэрээс үүдэлтэй зарим эрсдэлийг ил болгож эхлэв. Эрэлт сулрахтай зэрэгцээд түүхий газрын тосны үнийн хэлбэлзэл багассан тул дээрх шийдвэрийг гаргасан шалтгаан болох газрын тосны зах зээлийг тогтворжуулах зорилт нь сүүлийн сар орчмын хугацаанд биелэгдэх төлөвтэй байсан юм.

    Харин OPEC-ийн хурал хоорондын завсрын үе үргэлжилж буй энэ өдрүүдэд газрын тосны үнэ улирлын шинжтэй эрэлтийн нөлөөгөөр дахин гурван оронтой тоонд дөхсөн нь ОХУ-ын экспортод тавьж буй нэмэлт хоригтой давхцах магадлалтай болоод байна. 

    “Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 90 орчим ам.доллар дээр тогтворжсонд OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг сэтгэл хангалуун байгаа гэж бодож байна. Хэдий тийм боловч дараагийн гурваас таван сарын хугацаанд нийлүүлэлт хэт хумигдах эрсдэл бодитой боллоо” хэмээн “DNB Bank”-ийн ахлах шинжээч Хельге Андре Мартинсен онцоллоо.

    Даваа гарагт брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 99.56 ам.доллар буюу сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрчээ. Харин нэгдүгээр сарын фьючерс үнэ нь мягмар гарагт Лондоны биржид 0.5 хувиар унаж, баррель нь 97.39 ам.доллар болсон байна. 

    АНУ-ын Конгрессын завсрын шатны сонгууль үргэлжилж байгаа үед газрын тосны үнэ ийнхүү өссөн нь Ерөнхийлөгч Жо Байден болон тус бүлгийн албан бус удирдагч Саудын Араб хоорондын харилцааг улам хөргөх вий гэсэн болгоомжлолыг үүсгэжээ. Жо Байден тус улсыг нийлүүлэлтээ багасгаснаар ОХУ-ын Украинд явуулж буй дайнд дэмжлэг үзүүлж байна хэмээн буруутгасан юм.

    Дэлхийн хэмжээнд газрын тосны агуулахын нөөц дунджаас бага зэрэг доогуур байгаагаас гадна ирэх саруудад Европын Холбооноос ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан хориг хэрэгжиж эхэлснээр зах зээлд нийлүүлэлт улам багасах хүлээлттэй байна. Олон Улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор дээрх хоригийн улмаас ирэх оны эхэнд ОХУ-ын газрын тосны гарц 20 хүртэлх хувиар буурах төлөвтэй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих