
“Эрдэнэс Тавантолгой” компани оффтек гэрээ байгуулсан худалдан авагч талтай дахин тохиролцож гэрээний орлогод нөлөөлөх байдлыг 11 орчим хувь болгож бууруулсныг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдлээ.
Анх байгуулсан оффтек гэрээний дүн нь тус компанийн орлогын 20 орчим хувьтай дүйцэж байжээ. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн энэ хэмжээний орлогыг урьдчилан авсан бөгөөд одоо нүүрсийг нь гаргаж байгаа гэсэн үг юм.
Мөнгөн дүнгээр харвал 603 сая ам.долларын оффтек гэрээ байгуулснаас 11 дүгээр сарын 30-ны байдлаар 152 сая ам.долларын нүүрсний тээврийг нь хийсэн байна. Цаашид 451 сая ам.долларын нүүрс тээвэрлэлт хийх үлджээ. Одоогоор Засгийн газраас дахин оффтек гэрээ байгуулахыг хориглоод байна.
Харин Олон Улсын Валютын Сангийн зөвлөмжид оффтек зэрэг байгууллагууд оффтек гэрээнүүдийг цуцлахаас илүүтэй “Эрдэнэс Тавантолгой” болон Төрийн өмчит томоохон компаниудын орлогыг БНХАУ-ын барилгын компаниудын Монгол дахь төслийг санхүүжүүлэхэд ашигласан зэргийг шүүмжилж байгаа юм. Оффтек гэрээгээр урьдчилан авсан хөрөнгийг зохистой зарцуулахгүй байх нь валютын орох урсгалыг сааруулж, импорт өсөхөд хүргэнэ гэж үзжээ.
Түүнчлэн Төрийн өмчит компаниудын оффтек гэрээнүүдийг нээлттэй болгож, орлогыг ашиглах төсөл хөтөлбөрийг сонгох явцыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.