logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Үнийн өрсөлдөөний улмаас “Tesla”-ийн ашгийн маржин буурав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 20 09:40
    144

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    “Tesla”-ийн борлуулалтын орлого I улиралд 24 хувиар өсөж, 23.33 тэрбум ам.доллар хүрчээ

    Эрэлт сэргээх зорилготой дараалсан хямдралууд ашгийн маржин нь хумигдахад нөлөөлснөөр "Tesla" компанийн оны эхний улирлын ашиг шинжээчдийн өмнөх төсөөлөлд хүрсэнгүй. I улиралд “Tesla”-ийн үйл ажиллагааны ашгийн маржин 11.4 хувь байв. Харин өмнөх улиралд ашгийн маржин нь 16 хувь, өмнөх оны мөн үед 19.2 хувь байсан юм.

    Тус компанийн борлуулалтын орлого тайлант хугацаанд 24 хувиар өсөж, 23.33 тэрбум ам.доллар болсон бол мөнгөн урсгал нь 441 сая ам.доллар буюу сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрчээ. Шинжээчид "Tesla"-ийн мөнгөн урсгалыг I улиралд 3.24 тэрбум ам.доллар хүрнэ хэмээн тооцоолж байсан аж.

    Илон Маскийн хувьд ашгийн маржин буурахаас үл хамааран цаашид ч загваруудынхаа үнийг үргэлжлүүлэн бууруулах төлөвтэй байна. Тэрбээр “Tesla” компани санхүүгийн хувьд үнээ хямдруулах давлагааг тэсэж чадна гэж мэдэгдээд байгаа юм.

    Харин хөрөнгө оруулагчдын хувьд үнийн өрсөлдөөнд эргэлзэж байгаагаас “Tesla”-ийн хувьцааны ханш зургаан хувиар унаад байна.

    Цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хамгаалахын тулд "Tesla" он гарсаар хэд хэдэн удаа үнээ бууруулсан бөгөөд тэр дундаа "Model Y" загварынхаа үнийг гуравхан сарын дотор 29 хувиар хямдруулаад байсан юм. Тухайлбал: “Model 3” загвар л гэхэд АНУ-ын зах зээлд 40 мянган ам.доллароос доогуур үнээр худалдаалагдаж байгаа нь анхных болж байна. Энэ он гарсаар “Model 3” загварын үнэ 7000 орчим ам.доллароор хямдраад байгаа аж.

    Пүрэв гарагт "Tesla" компани АНУ-д борлуулагдаж буй "Model Y" загварынхаа үнийг 3000 ам.доллароор, "Model 3" загварынхаа үнийг 4.7 хувиар бууруулсан байна. Энэ нь тус компанийн АНУ-д борлуулж буй автомашинуудынхаа үнийг дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа бууруулсан тохиолдол болж байна.

    "Tesla"-ийн I улирлын тайлангаас харвал үнийн хямдрал зарласан нийлүүлэлт нь өмнөх улирлаас ердөө 4.5 хувиар өсжэээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийлүүлэлт нь 37 хувиар өссөн байна.

    Cэтгэгдэл бичих