
Зургийг: Michael Tran/AFP/Getty Images
Тэйлор Свифт, Бейонсе болон “Barbenheimer” АНУ-ын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлж байна. Мега оддын аялан тоглолтууд болон блокбастер кинонууд энэ оны III улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлтөд 8.5 тэрбум ам.доллар нэмэх төлөвтэйг "Bloomberg" тооцоолжээ.
Уран бүтээлчдийн АНУ-д хийхээр төлөвлөсөн 50 гаруй тоглолт нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5.4 тэрбум ам.доллароор дэмжих боломжтой бол "Barbie", "Oppenheimer" зэрэг кинонууд олон улс дахь тасалбар борлуулалтаас 3.1 тэрбум ам.долларыг АНУ-ын хэрэглэгчийн зарцуулалт болон экспортын орлогын үзүүлэлтэд нэмэхээр байгаа аж. Тодруулбал: эдгээр нь долоодугаар сараас есдүгээр сарын хооронд иргэдийн бодит зарцуулалт болон дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0.7 ба 0.5 нэгж хувиар нэмэгдүүлнэ гэж эдийн засагч Анна Вонг, Элиза Вингер нар тооцоолжээ.
АНУ-д хэрэглээний зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор эдийн засагчид долоодугаар сараас есдүгээр сарын хоорондох өсөлтийн төсөөллөө бараг хоёр дахин нэмэгдүүлээд байгаа нь энэ юм. Энэхүү төсөөлөл нь ойрын саруудад эрчимжиж байгаа эдийн засгийн өсөлттэй нийцэж байна. Инфляц саарч, хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа нь хэрэглээний зардал өсөхөд нөлөөлж байгаа юм. Эдгээр үзүүлэлтүүд нь зарим эдийн засагчдад АНУ-ын эдийн засаг ойрын хугацаанд уналтад орно гэсэн төсөөллөө хойшлуулахад нөлөөлсөн бол зарим нь огт уналт үүсэхгүй гэж үзэх болжээ.
Хэдий тийм боловч тоглолтууд болон киноноос үүдэлтэй энэхүү өсөлт нь урт хугацаанд үргэлжлэхгүй гэж “Bloomberg” үзэж байгаа юм. Тодруулбал: Тэйлор Свифт болон Бейонсегийн аль аль нь оны сүүлийн гурван сард АНУ-д тоглолт хийхээр төлөвлөөгүйг тодотгосны зэрэгцээ “Barbenheimer”-ийг маш ховор тохиох байлдан дагуулалт гэж үзжээ.
Ялангуяа АНУ-ын эдийн засаг эрэлт талаасаа эмзэг, мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь бага нийлүүлэлт, зээлийн хүүгийн өсөлтөөс шалтгаалан дарамт өндөр хэвээр байгаа юм.