
Зургийг: Засгийн газрын ХМОНХГ
“Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын Эдийн Засгийн Чуулган 2023”-ын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр Түншлэлийн төв байгуулах шийдвэр гаргасны зэрэгцээ Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдлаа.
Монголын Эдийн Засгийн Чуулганд нэгдсэн дөрвөн хуралдаан, таван салбар хуралдааныг зохион байгуулж буй бөгөөд уулзалтад "Deutsche Bank", "UBS", "JPMorgan", "Goldman Sachs", "Sumitomo Mitsui", "Barclays" зэрэг олон улсын нөлөө бүхий 48 байгууллагын төлөөлөл оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хүрээнд Монголбанк, Сангийн яам, арилжааны банкнуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтын төгсгөлд хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдад эдийн засгийн өсөлтөө хадгалж, төсвийн сахилга баттай, хөрөнгө оруулалтын бодлогын алдаа гаргахгүй байхыг зөвлөжээ.
Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсын Төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж ажиллана. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, төрөлжсөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, дагалдах журмуудын төслийг бэлэн болголоо. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид том төслүүдийг санхүүжүүлэх, банкны салбар байгуулах боломж илүү нээлттэй болж байна” гэв.