Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
“Toyota Motor” компани III улирлын тайландаа ашиг нь төсөөллийг давсныг мэдээлсэн ч эд ангийн нийлүүлэлтийн хомсдолын сорилт арилахгүй байгааг харгалзан үзэж, цаашдын ашгийн төсөөллөө хэвээр үлдээсэн байна.
2022 оны 12 дугаар сараар эцэслэгдсэн тус компанийн санхүүгийн улирлын ашиг нь өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсөж, 957 тэрбум иен хүрсэн нь шинжээчдийн дундаж төсөөлөл болох 747 тэрбум иенээс өндөр дүн болжээ.
Харин гуравдугаар сараар эцэслэгдэх санхүүгийн улиралд үйл ажиллагааны ашиг нь 2.4 их наяд иен хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгааг “Toyota Motor” тайландаа дурджээ. Тайлан гарсны дараа “Toyota Motor” компанийн нэгж хувьцааны ханш эргэн сэргэж, 1.3 хувиар өслөө. Тус компанийн хувьцааны ханш 2022 онд 14 хувиар унаж байсан бол энэ онд зургаан хувиар өссөн байна.
Түүнчлэн “Toyota Motor”-ийн гуравдугаар сараар эцэслэгдэх санхүүгийн жилийн борлуулалт 36 их наяд иен хүрэх төлөвтэй байгааг мэдээллээ. Өнгөрсөн улиралд тус компанийн орлого 25 хувиар өсөж, 9.75 их наяд иен хүрсэн үзүүлэлттэй байна.
“Toyota Motor” 2022 онд 10.5 сая нэгж автомашин борлуулж “Volkswagen”-ийг ардаа орхисноор дэлхийд тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч хэмээх байр сууриа гурав дахь жилдээ бататгасан юм.