
Тавдугаар сард БНХАУ-ын нүүрсний импорт хэдийгээр өмнөх хоёр сарын түвшнээс буурсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад өндөр хэвээр бөгөөд тэр дундаа коксжих нүүрсний нийт импортынх нь бараг тал хувийг Монгол Улс бүрдүүлж байгааг “Sxcoal” мэдээллээ.
Тайлант хугацаанд тус улсын коксжих нүүрсний импорт жилийн дүнгээр 2.16 сая тонноор буюу 47.3 хувийн өсөлт үзүүлсэн ч тавдугаар сард 6.73 сая тонныг импортолсон нь өмнөх сараас 19.8 хувиар буурсан үзүүлэлт болохыг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар тайландаа дурдсан байна.
Нүүрсний импортын татварыг тэглэх бодлого хэрэгжиж буй энэ үед БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 75 хувийг Монгол, ОХУ эзэлжээ. Ялангуяа тавдугаар сард Монголоос нийт 3.1 сая тонн коксжих нүүрс авсан нь өмнөх оны мөн үеэс 72.2 хувиар өссөн үзүүлэлт болоод зогсохгүй тус улсын коксжих нүүрсний нийт импортын 46 хувийг дангаараа бүрдүүлж байна. Харин оны эхнээс тавдугаар сар хүртэлх хугацаанд БНХАУ нийт 37.87 сая тонн коксжих нүүрс импортолсноос 49 хувийг нь монголын нүүрс бүрдүүлснийг “Sxcoal” онцолжээ.