
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Уналтад ороод байсан БНХАУ-ын орон сууцны зах зээл энэ онд зарим талаараа тогтворжих шинжүүд ажиглагдаж эхэлсэн байна.
Тус улсын Засгийн газраас бэлэн мөнгөний хомсдолд орсон үл хөдлөх хөрөнгийн компаниудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, орон сууц худалдан авалттай холбоотой хязгаарлалтуудыг сулруулсан нь үүнд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэжээ.
Оны эхний хоёр сард тус улсад орон сууцны борлуулалт үнийн дүнгээр тооцвол өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өссөнийг БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо тайландаа дурдсан байна. Энэ нь 2021 оны зургаадугаар сараас хойших анхны өссөн үзүүлэлт болж байгаа аж.
Харин метр квадратаар тооцвол орон сууцны борлуулалт 0.6 хувиар буурсан ч жил хагасын турш хоёр оронтой тооны уналттай байсантай харьцуулахад сайжирсан үзүүлэлт болжээ.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ сэргээхийн тулд БНХАУ-ын эрх баригчид өргөн хүрээний арга хэмжээ авч байгаа юм. Өнгөрсөн онд бүтээн байгуулалтын салбар тус улсын эдийн засгийн 13 хувийг дангаараа бүрдүүлсэн нь үүнийг илтгэх томоохон жишээ болж байна.
Мөн зохицуулах байгууллагууд моргейжийн зээлийн хүүг бууруулж, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, томоохон хотуудад худалдан авалтын явцыг хөнгөвчлөх арга хэмжээ авчээ.