logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үзэл бодол
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Эрдэнэбат
    Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!
    Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 31 15:22
    540
    Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147,393 оюутан их, дээд сургуульд суралцаж байгаа бөгөөд сургалтын жилийн төлбөр дунджаар 2,769,686 төгрөг байна

    Үнэд асар их мэдээлэл шингэсэн байдаг. Үнийн механизм гэдэг нь асар их хүч, хэнд ч дийлдэшгүй зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлхтөн маш сайн мэддэг болжээ. Үр дүнг нь хүчээр өөрчлөх гэж муйхарлан өөрсдөө хохирохоос илүү бусад бараа, бүтээгдэхүүн болох өөрийнх нь өмнөх үеийн түвшинтэй харьцуулахад яагаад өөрчлөгдөж буйг нь судалж, юуг дохиолж, анхааруулаад байгааг нь ойлгохыг оролддог болжээ. 

    Жишээ нь: миний мэдэх хамгийн хямд хуйцаа 5800 төгрөгийн үнэтэй. Үнэ дагаж чанар гэж ярих нь олонтаа. Иймд үнэтэй хуйцааг тоож идэхгүй хүн байх нь эргэлзээгүй. Гэвч эргэлт нь түргэн байх, олон үйлчлүүлэгчтэй тул нэгжийн ашиг нь бага ч нийт ашиг нь гайгүй байдаг биз гэх мэт шалтгаанаар хямд үнийг нь зөвтгөөд би маш олон хүмүүсийн нэгэн адил “Шөлөндө”-ийн хуйцааг амтархан иддэг. 

    Эрэлтийн муруй сөрөг хазайлттай буюу үнэ өндөр байх тусам эрэлт бага, үнэ бага байх тусам эрэлт өндөр байдгийг эдийн засгийн үндсийн хичээл үзсэн хүн болгон мэдэх байх.

    Харин 580 төгрөг буюу үүнээс 10 дахин хямд, 58 төгрөг буюу 100 дахин хямд үнээр хуйцаа зарж байвал би л хувьдаа авахгүй. Нэг кг мах 10 мянган төгрөг нэлээд давсан байхад юуны махаар хийсэн бол гэж сэжиглээд. Англи хэлэнд “Rubbish in”, “Rubbish out” гэсэн хэлц үг байдаг. Монголоор хогоор хог л хийдэг гэж орчуулагдах юм уу даа.

    Монголын их, дээд сургуулиудад өнөөдөр 147 мянга 393 оюутан суралцаж байгаа бөгөөд сургалтын жилийн төлбөр дунджаар хоёр сая 769 мянга 686 төгрөг байна.  Нэг ам.доллар 3197 төгрөг гэвэл 866.3 ам. доллар гэсэн үг. 

    Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж, Боловсролын яамнаас гадаадад явуулж сургадаг азтай цөөхөн оюутнуудын сургалтын жилийн төлбөр харин 120 мянга 311 ам.доллар хүрэх нь бий. Өөрөөр хэлбэл бид нэг жилийн дээд боловсролын үйлчилгээ тийм үнэтэй байхыг шударга үнэ гэж үзэж байна. Гэвч ам.доллар чангарч байгаа учир яваандаа бид санхүүжүүлэхэд улам л хэцүү болно.

    Энэ нь Монголынхоос 138.88 дахин өндөр юм. Уул нь бид гадагшаа оюутнууд явуулж байхаар гаднаас багш нарыг нь оруулж ирвэл хэмнэлттэй. Бусад улс ч тэгж байна, жишээ нь харьцангуй хямд үнэтэй хэмээн Английн хөдөлмөрийн зах зээлээс урд хөршийнхөн маань багш нар маш их авч байна. Эдний дунд гаднын их сургуулиудын шаардлагыг нь ханган тэнд ажиллаж буй монголчууд орвол бүр илүү хэмнэлттэй болно.

    Монголд багшилсан нэр зүүж, тогтмол цалин орлоготой байх зарим хүмүүсийн (магадгүй нэмэгдэл) хэрэгцээг нь хангуулаад, ямар ч шинжлэх ухааны агууламжгүй өдөр өнжүүлэхэд өчнөөн том болсон залуусыг хорьж, ажиллах хүчнээсээ гаргачхаад ажиллах хүн олдохгүй байна, төгсөгчид чанаргүй байна, эдийн засаг сайжрахгүй байна гэж ярих нь утгагүй.  

    Энгийн ардын, ирээдүйд хүүхдүүдийн тань найз нөхөд, гэр бүл болох хүүхдүүдийг хогийн сав мэт үздэггүй болсон үед л, дэлхийн бусад оюутнуудын юу үзэж, судалж байгааг нь шаардлага хангасан хүмүүсээр нь заалгуулж байж л бид мэдлэгт суурилсан эдийн засагтай болно.

    Ахлах сургууль төгсөгчдийн 65.6 хувь нь их, дээд сургуульд хамрагдаж, хүн амын хэрэглээний сагсанд эзлэх дээд боловсролын үйлчилгээний жин нь чамгүй өндөр болсон байгаа энэ үед сургалтын төлбөрийг хүчээр барьж буйгаа чөлөөлчихвөл инфляцад нөлөөлөх, үнийн зөрүү багасах учраас гадагшаа явж сурах, түүнийг дагасан ам.долларын эрэлт өснө. 

    31-11.jpg

    Гэвч энэ нь зах зээлийн үнэд Төрөөс, хөндлөнгөөс оролцсоны үр дагавар. Дээд боловсролд хамрагдалтын хувь социализмын үед 20 орчим хувьд хэлбэлзэж байгаад сүүлийн үед эрс нэмэгдсэн байгааг дээрх зургаас харж болно. Энэ нь нэг талаар дээд боловсрол ардчилагдсантай, хүмүүс дээд боловсролд өмнөхөөсөө илүү ач холбогдол өгдөг болсонтой холбоотой байж болох ч нөгөө талаас үнэ нь хэт хямд, далд ажилгүйдэл тэр хэмжээгээр нэмэгдэж байгааг илтгэж бас болно. Ялангуяа дээд боловсролын салбар нь экспортын үндсэн салбар нь болдог Их Британи зэрэг улсынхаас ч даван гарсан үед.

    Мөн дээд боловсролын салбарыг дурын хүн эрхэлж мөнгө олдог бизнес болгон хувиргасан, энэ салбар дахь төрийн сургуулиудын хувийн секторыг шахан гаргах хүч хэт их байсан, багшлах боловсон хүчинд нь чанарын шаардлага тавигдаагүй үед үлдсэн багахан зах зээлийн  төлөөх өрсөлдөөн сургалтын төлбөрийн ёроол руугаа уралдах өрсөлдөөн болон хувирсан холбоотой байж болно.

    Нийт эдийн засгийн маань дөрөвний нэгээс ихийг бүрдүүлдэг ч хөдөлмөр бус капиталд тулгуурладаг уул уурхайн салбар ажиллах хүчнээс маань сорчлон таван хувийг л ашигладаг энэ улсад бусад ажиллах хүчин маань өөр хаачих ч билээ гэж бодогдох. Ямартаа ч хэвийн ажилгүйдлийн түвшин (natural rate of unemployment) нь бусад эдийн засгийнхаас хамаагүй өндөр байх биз. Уул уурхайн салбар нь хэт томдоод бусад салбаруудаа шахан гаргах аюултай байна гэсэн судалгаа нэлээд олон бий [1][2]

    Энэ илүүдэл ажиллах хүчин маань уул нь дэлхийн хэмжээний дээд боловсрол эзэмшвэл уул уурхайн бус салбарууд маань дэлхийн түвшинд мөн өрсөлдөх суурь бүрдэнэ.

    Дээд боловсролын чанарыг багш, ажилчдынх нь бусад улсын эрдэмтэдтэй өрсөлдөн, шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоогоор багцаалах нь олон таа.

    Харамсалтай нь нэг сая хүнд ногдох физик, биологи, хими, математик, анагаах эм зүй, био-анагаах, инженер технологи, дэлхий-сансар судлалын салбарт эрдэм шинжилгээний өгүүллийн тоогоор бид дэлхийн дунджаас 7.6 дахин муу байгааг дараах зургаас харж болно.

    31-12.jpg

    Монголоос нийтлэгдсэн нэг сая хүнд ногдох шинжлэх ухааны өгүүллийн тоо 2013 онд 57 болж оргилдоо хүрээд, хамгийн сүүлийн үеийн статистикаар 44 болж буурав. 2013 онд Дэлхийн дундаж 303 өгүүлэл байсан бөгөөд өдгөө 336 болжээ. Энэ нь бид урагшлах бус улам ухарч байна гэсэн үг юм.

    Байгалийн ухааны салбарынхан маань ийм байхад социализмын үед үзэл сурталжчихсан хүмүүнлэг, нийгмийн ухааныхан бүр ч хэцүү. Монгол Улсын оюутнуудын хамгийн ихээр сурдаг бизнес, санхүү, нягтлан бодох, менежментийн салбарт Монгол Улсын түүхэнд ганц ч өгүүлэл олон улсын тавцнаа гарч байсныг олохгүй байна гэж анхааруулж байжээ. Монгол Улсын бүх бизнесүүд нийлж байгаад ч болов ганц тийм мэдлэг, чадвартай багш гаднаас ч болсон олж ирээч хэмээн уриалдаг. Монгол Улсын 34 мянга 985 буюу хамгийн олон оюутан бизнесээр сурдаг энэ үед аюулын харанга дэлдэж байх ёстой. 

    31-13.jpg

    Багш нар нь эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлдэггүй юм аа гэхэд практик мэдлэг олгодог, ажил олгогчдын шаардлагыг хангадаг байж болно гэж маргах нь олон таа. Бизнесийн хоосон онолын мэдлэг хэнд хэрэгтэй юм, оюутнууд маань шуналтай л байхад болно гэж мэтгэлцэх Бизнесийн сургуулийн захиралтай хүртэл Монголд тааралддаг. Харамсалтай нь Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангаас манайд бизнес эрхэлдэг гаднын хөрөнгө оруулагчид ч байж болох хамгийн доогуур үнэлгээг бидэнд өгдгийг дараах зураг харуулж байна.

    31-14.jpg

    Энэхүү нийтлэл маань дээд боловсролын үнийг "шок" эмчилгээ яг одоо чөлөөл гэж уриалах зорилгогүй. Ямар ч бэлтгэл, нөхцөл хангагдаагүй үед үүнийг хэрэгжүүлбэл инфляц, валютын ханш огцом өсөх болов уу. Учир нь дараах зургаас хүн амын хэрэглээний сагсны маш том хэсгийг боловсролын үйлчилгээний үнэ эзэлдэг бөгөөд өөрчлөгдөх бүрд нь инфляцад хүчтэй болохыг харж болно.

    Энэхүү нийтлэлийн зорилго маань гаргасан шийдвэрийнхээ үр дүнг бид хэзээ нэгэн цагт үүрэх л ёстой болохыг анхааруулахад оршино. Ачаагаа багасгахын тулд юуны өмнө бид эртхэн үүнийгээ, үр дагаврыг нь ойлгох, яаж шийдэхээ хэлэлцэж тохиролцох ёстой. 

    Дээд боловсролын чанар Монголд муу, ялагдаж буйг мэдэх оюутан, эцэг, эхчүүд гадаад руу тэмүүлэх нь тодорхой. Үүнийг дотоодын их, дээд сургууль, коллежийн тоо 2006 онд 180 байснаа өдгөө 94 болж 48 хувиар буурснаас, тэр дотроо хувийн секторын оролцоо нь илүү багассанаас, суралцагсдынх нь тоо 2015 онд оргилдоо хүрч, 178 мянга болсноос хойш тогтмол буурсаар 2020 оны байдлаар 147 мянга хүрч, 17 хувиар буурснаас тодорхой хэмжээгээр харж болно. Өдгөө 41 мянга 827 оюутан гадаадад сурч буйгаас мөн тодорхой хэмжээгээр харж болно.

    31-15.png

    Мэдээж өндөр хөгжилтэй, ардчилсан улсуудад сурсан оюутнууд эргэн ирж ажилладаг бол энэ нь тийм ч муу зүйл биш. Гэвч бусад олон хүчин зүйл нөлөөлөх ч (ceteris paribus) нас залуудаа явсан байх тусам, сайн сурсан байх тусам цаанаа шингэж, тархи алдагдах нь элбэг байдаг. Бакалаврын түвшинд бол Японы Монбушо хөтөлбөрөөр очсон оюутнуудаас 70 орчим  хувь нь эндээ үлддэг, эсвэл дамжаад өөр улс руу явдаг болов уу гэж Японд очоод сонсож байсан. Магистрын хувьд хувийн туршлагаасаа харахад Монголд нэг хэсэг үйл ажиллагаа явуулсан SOROS-ийн сангийн эдийн засгийн хөтөлбөрийн хувьд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсдын 40 хувь нь мөн дипломоо ашиглаад тэр хавиараа ууссан байдаг. Ямартаа ч цалингийн түвшинтэй маань харьцуулахад өндөр өртөгтэй суралцсан байх тусам эргэн эрэх магадлал нь бага байна.

    31-16.jpg

    Энэ нь чадварлаг залуус гадагшаа алдагдахаас гадна бүр түргэн нөлөөтэй. Гаднын зээл, тусламж, Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр явж байгаагаас хамаагүй олон оюутан өнөөдөр хувиараа гадагшаа явж боловсролын үйлчилгээ авч байна. Монголбанкны төлбөрийн тэнцлээс харвал жилд 300 сая гаруй ам.долларын сургалтын зардал гарч байна. COVID-19 мэтийн гэнэтийн “шок”-уудын улмаас тэндээ ажиллаад зардлынхаа зарим хэсгийг санхүүжүүлдэг оюутнуудын хувьд энэ нь бүр нэмэгдэнэ. Медиан цалин нь 900 мянган төгрөг бидний хувьд энэ нь асар их дүн бөгөөд, яаж босож буй арга замыг нь ургуулан бодвол бүр илүү өндөр зардалтай байх болов уу.

    Их, дээд сургууль, коллежийн үндсэн багшийн тоо маань харин 2006 онд 6517 байсан бол 2020 онд 7143 болж 10 хувиар өссөн нь Төрийн сургуулиудын оролцоо нэмэгдсэнтэй нийлээд салбарын бүтээмж буурсныг илтгэдэг. 2000 оны эхээр багш нарын хүйсийн харьцаа 50:50 орчим хувь байсан бол өдгөө эмэгтэйчүүдийнх нь 60 хувь болсон нь өрхийн тэргүүн нь эрэгтэйчүүд давамгайлдаг бидний хувьд багшаад өрхөө авч явах боломжгүй болсныг мөн илэрхийлж байж болно.

    Дээд боловсролын чанар муу байх нь бага, дунд боловсролын чанарт нөлөөлөх нь мэдээж. Учир нь их, дээд сургууль төгсөгчдийн багагүй хэсэг нь танд очиж багшилдаг. Шинжлэх ухааны мэдлэг оюутан байхдаа аваагүй хүмүүс хүүхдүүдэд юугаа зах билээ? Иймдээ ч өнөөдөр хүүхдүүдээ бусдаас хоцроочихгүй юм сан гэсэн эцэг, эхчүүд, өндөр төлбөртэй байсан ч хамаагүй хэмээн шинжлэх ухааны суурь заачих багш, сургууль хайх болжээ. 

    Эцэг, эхчүүдийн энэхүү зовнилыг харьяа тойргийн улсын сургуулиудын чанарыг үнэлж, PISA буюу Сурагчдыг үнэлэх олон улсын хөтөлбөрт хамрагдаж арилгах ёстой гэсэн уриалгыг нь маань хэн ч хүлээн аваагүй нь харамсалтай. Гэвч өнөөдөр ч хүсвэл Төрийн өмчийн Кембрижийн сургалттай сургуулиудын сурагчид олон улсын “A-level” түвшний шалгалтдаа ямар дүнтэй байснаас үүнийг мөн багцаалдан үнэлж болно. 

    Эцэст нь дүгнэхэд оюутан залууст жинхэнэ шинжлэх ухаан зааж байж л Монгол Улс хөгжинө.  Юуны өмнө Шинжлэх Ухааны Академийг их сургуулиудтай нэгтгэн, судлаач нар нь хүүхдүүдэд хичээл заадаг болбол, шинжлэх ухааны цол хэргэмийг зөвхөн эрдэм шинжилгээний ажил хийдэг хүмүүсээр хязгаарладаг болбол зөвхөн тэдгээрийн хойноос хөөцөлддөг хүмүүсийн тоог дагалдах цол хэргэмийн нэмэгдлийг хуульчилсан байгааг цуцлах, эрх ямбыг нь үгүй хийвэл байдал дээрдэнэ.

    Энэ салбараа олон улсын жишгээр нь, стандартаар нь, шаардлагаар нь авч явах ёстой. Хэрэгтэй зүйлээ бид хэмжиж байх ёстой. Иймд гадны болон дотоодынхоо сургуулиудтай өөрсдийгөө харьцуулж, өрсөлдөхийг шаардах, “Times Higher Education”, “QS-World University Ranking”, “ARWU” зэрэг их, дээд сургуулиудын чансааны жагсаалтад хамруулах ёстой. Тэгж байж л өндөр түвшний эрдэмтдийн эрэлт Монголд үүснэ.

    Өөрийнхөө шинжлэх ухааны салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, “Web of Science”-ийн стандарттай сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж, дэлхийн шинжлэх ухаанд бүртгэлтэй болсон багш нар бүрэлдсэн тохиолдолд жишиг тэнхим, сургууль (center of excellence) байгуулж, түүнийг нь дэмжин, өргөжүүлэх, үнээ алгуур чөлөөлөхийг нь шилжих хэрэгтэй. Үүнийг ч Дэлхийн банкнаас Монголд зөвлөсөн байдаг.

    Эдийн засагт салбарт тийм мөрөөдлийн багийн гишүүд хэн байж болохыг санал болгосон нь бий.

    Cэтгэгдэл бичих