
Гурван жил орчмын дараа БНХАУ олон улсад хилээ нээснээр энэ оны зургаадугаар сар гэхэд дэлхийн агаарын тээврийн хөдөлгөөн цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрэх төлөвтэй байна.
Дэлхийн хоёр дахь том нисэх онгоц түрээслэгч “Avolon” компани 2023 онд Азийн зах зээл дэх өсөлтийн ачаар агаарын тээврийн салбар эрчимтэй сэргэнэ гэж үзэж байгаа аж. Тухайлбал: иргэний агаарын тээврийн хөдөлгөөн бүрэн сэргэнэ гэж тооцоолсон байна. Ингэснээр ихэнх агаарын тээврийн компаниуд хүчин чадлаа тэлэхийн тулд нисэх онгоц худалдан авч, түрээслэх нь нэмэгдэнэ гэж мэдэгджээ.
“Air Lease” компанийн Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Стив Удвар-Хази 2023 он агаарын тээврийн салбарын хувьд олон жил үргэлжлэх сэргэлтийн циклийн эхлэл болно гэж мэдэгдээд байна. Хэдий тийм боловч “Airbus”, “Boeing” компаниудын үйлдвэрлэлд гарч буй саатал өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулсан байна. Тэрбээр энэ оны эцэс гэхэд агаарын тээврийн салбар 2019 оны оргил түвшинд эргэн очно гэж тооцоолж байгаа юм.