
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
Ухаалаг гар утасны зах зээлийн хямрал ирэх онд ч үргэлжлэхээр байгааг “Sony” группийн Үйл ажиллагаа хариуцсан захирал мэдээллээ.
Ухаалаг гар утасны дүрс таних төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Sony” баасан гарагт тайлангаа танилцуулах үедээ ухаалаг гар утасны зах зээлийн төлөв сөрөг байгааг анхааруулсан байна. Мөн агуулахад бэлэн бүтээгдэхүүний нөөц хуримтлагдсан нь тус компанид дарамт учруулахаар байгааг дурджээ.
“Sony” компани Европт борлуулалт саарахын зэрэгцээ БНХАУ-д нөхцөл байдал тодорхойгүй байгааг онцолж байна. Мөн өндөр үнэтэй гар утасны эрэлт АНУ-д тааруу байна гэж үзжээ.
Өнгөрсөн оны дийлэнх саруудад дэлхийн хамгийн том ухаалаг гар утасны зах зээл болох БНХАУ-д борлуулалт 10-аас дээш хувиар буурчээ. 2023 оны эхний гурван сард ч мөн буурсан үзүүлэлттэй байна.
БНХАУ цар тахлын хязгаарлалтаа цуцалснаар иргэдийн хөдөлгөөн болон бизнесийн ажиллагаа хэвийн болсон ч ухаалаг гар утасны борлуулалт энэ оны эхний гурван сард 11 хувиар буурсан аж.
Харин олон улс дахь ухаалаг гар утасны борлуулалт I улиралд өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурч, 269.8 сая нэгж болоод байна.